О.Шинэбаяр: Ажил голохгүй хийж, цаг дэмий үрэхгүй байхыг хичээдэг

“10 жилд байхаасаа ажил хийж хичээлийн хэрэглэл, цүнх, хувцсаа өөрөө авч ажил голохгүй хийж, дэмий цаг өнгөрөөхгүй юм сан гэж бодож ирсэн. Оюутан болоод мөн цагийн ажил хийн сургалтын төлбөрөө өөрөө олдог. Удахгүй хичээл орох болно төлбөр нэхэгдэнэ. Сургалтын төлбөрөө олох санаатай, ажил хийж олсон бүх цалингаараа Витафит компаниас 1000 ширхэг ундаа , жүүс бөөний үнээр авсан.
Ундаа жүүсээ наадмаар “Хүй долоон худаг” дээр зогсож зарах гэсэн боловч том ах эгч нарын хавчлагаар зарж чадаагүй шороонд зогссоор буцаад машин гуйгаад ачиж ирсэн” хэмээн цахим сүлжээнд бичсэн нь олны анхаарал татаад байгаа.
ХҮЙ ДОЛООН ХУДАГ РУУ ЗУРГААН УДАА 100,000 ААР ПОРТЕР ХӨЛСӨЛСӨН
Эцэг эхийнхээ гарыг харалгүй, амьдралд нь тус нэмэр болж, сургалтын төлбөрөө өөрөө цуглуулдаг, Үйлдвэр урлалын текникийн коллежийн хоёрдугаар курсын оюутан Очирбатын Шинэбаяртай утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.
Тэрбээр “Наадмын өдрүүдээр дэлгүүр ажиллуулдаг ахаасаа Витафит компаниас ундаа нэг бүр дээр 200 төгрөг нэмэн, зээлүүлж аваад зарах гэсэн боловч чадаагүй. Учир нь ус ундаа зардаг газар хуушуур зардаг гэрээс зайтай байрладаг. Наймаа хийдэг газарт наадамчид огт очдоггүй, төвөөрөө явж байгаад л Хүй долоон худгаас яваад өгдөг юм байна лээ. Хүй долоон худаг руу зургаан удаа 100 мянган төгрөгөөр портер хөлсөлж зорчсон. Гурав хоносон хоол унд гээд зөндөө зарлага гарсан болохоор алдагдалд их орсон.
Наадмын талбай дээр ундаагаа зарж чадаагүй болохоор фейсбүүкт пост бичхэд их олон хүн сайнаар хүлээн авч захиалга өгсөн. Өчигдөр 12 цагийн байдлаар 600-700 ширхэг ундаа байсан бөгөөд ахтайгаа хамт портер хөлслөн, захиалга авч хүргэлт хийж байна. Зарим хүмүүс захиалгаа өгөөд хэлсэн газарт нь ундаагаа аваад очихоор утсаа унтраах тохиолдолд ч цөөнгүй. Оройн 19 цагт “бүх ундаагаа зараад дууссан худалдаж авсан бүх хүмүүстээ баярлалаа” хэмээсэн юм.
Тэрээр мөн "Манай эгч ХААИС-ийн дөрөвдүгээр курст суралцдаг. Тийм болохоор хоёр их сургуулийн төлбөр гээд намар болохоор мөнгөний хэрэгцээ их байдаг” хэмээн ярилаа.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.