НИЙГЭМ

Т.Рэнцэнбадам: Өөртэйгөө ярилцсан 48 хоног байлаа

Сар гарны хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагын цонхыг нээхэд хилчин бүсгүйн гүйж яваа мэдээ урсдаг байв. Харин өчигдөр хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баяр тохиосон. Эл өдрөөр хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам товлосон өдрөө, тогтсон цагтаа 1100 км замыг 48 хоногийн турш туулан байгууллагынхаа ойн өдрөөр бариандаа ирсэн юм.


Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 652 дугаар хилийн тэмдэгт хүртэл холын зайд гүйсэн. Энэ хугацаанд өдрийн хурц нарнаас дөлж өглөөний цэнгэг, оройн сэрүүн агаарт шогшихоос гадна цаг агаарын онц үзэгдлээс бусад тохиолдолд гүйсээр байв гэнэ. “Дуу цахилгаан цахилсан усан борооноор өөрөөсөө ус дуслуулаад л гүйх мэдрэмж тухайн үедээ чанга байсан шүү, гэхдээ хүний зорилго, хүсэл, тэмүүлэл гэдэг ийм л хүчтэй байдаг юм байна. Бороотойд гүйхээр гутал шалба норж гишгэдэл бүрт шал пал хийгээд л дуугарч байсан” гэв.


ХӨЛИЙН ХУМСАА УНАТАЛ ГҮЙСЭН ХҮНИЙ ТҮҮХ СОНСОЖ БАЙСНААС ӨӨРТ ТОХИОНО ГЭЖ САНААГҮЙ

Уртын аялалд гарснаас хойш түүний бие өвдөж зовуурлаагүй ч хөлийн хурууны дөрвөн хумс нь унаж, ул нь цэврүүтжээ. Өмнө нь хөлийн хумсаа унатал гүйсэн хүний түүх сонсож байснаас өөрөө түүх болон үлдэж ийм явдалтай учирна хэмээн санаагүй аж.  Энэ тухайд “Би чинь хөнгөний тамирчин биш волейболын спортын мастер хүн. Гүйлт миний хувьд том даваа, анхны холын гүйлт байлаа. Энэ гүйлтэд зориулж жилийн өмнөөс өглөө бүр гүйж, өөрийгөө бэлдсэн” тухайгаа ярьсан юм.


“Зорьсондоо хүрсэн болохоор гэрлүүгээ хурдан л харих юм сан. Хүүгээ ямар их санаж байна аа, 48 хоног гүйхдээ их бодож, саналаа”


ЭЛСЭН ЦАГНЫ НАРИЙН СҮВЧЭЭ ШИГ Л ӨНГӨРСӨН, ИРЭЭДҮЙГЭЭ ШҮҮСЭН

Би энэ өдрүүдэд цагийн дэнсэн дээр зогсчхоод ял л элсэн цагны нарийн сүвчээ шиг нэгд нэггүй өнгөрсөн амьдралаа шүүрдэн дүгнэж, ирээдүйгээ төлөвлөсөн юм. Өөртэйгөө ярилцсан 48 хоног байлаа. Өөрийгөө бүр илүү таньж, дараа дараагийн зорилгоо ч төлөвлөсөн.


Гүйлт гэдэг хүнийг их төлөвшүүлдэг. Ер нь бясалгахтай л адил. Тууштай, тэвчээртэй чанарыг яс махандаа шингэтэл мэдэрлээ. Спорт хүнийг төлөвшүүлдэг юм шүү гэдгийг харуулж чадсандаа баярлаж байна. Үр дүнг нь мэдрэх мөч бол үгээр зүйрлэхийн аргагүй сайхан байна аа.


НАМАЙГ ДЭМЖСЭН ХҮМҮҮСЭЭС ИЛҮҮ ДЭМЖЭЭГҮЙ ОЛОНД БАЯРЛАЖ БАЙНА

Түүнийг зам дагуу гүйх үед нутаг бүрээс Монголын ард түмэн тосон авч, урмын сайхан үгсийг харамгүй хэлж, халуун дулаанаар өлгийдсөөр байсан гэнэ. “Яг л тэднийхээ сайхан сэтгэл, сүүн цацал дээр тулж байгаад зорилгоо биелүүллээ. Мэдээж хэрэг хил хамгаалах байгууллагынхан маань маш их дэмжиж урам өгч байсан. Намайг дэмжсэн болон дэмжээгүй бүхэнд баярлалаа.

Дэмжихгүй байгаагаа цахимд илэрхийлсэн хүмүүст дэмжсэн хүмүүсээсээ илүү баярлаж байна. Та нарынхаа хурц үгэнд өөрийгөө билүүдсээр бариандаа ирсэн юм шүү. Үнэхээр их баярлалаа” гээд итгэл төгс хэлчхэв.


48 хоногийн турш юу эсийг бодохов. Өөртэйгөө их ярилцах завшаан болсонд баярлаж байна. 48 хоногт өөртэйгөө ярилцана гэдэг спортын хүн талдаа төлөвшил суулгаж чадсан. Бороо, шороо надад саад байгаагүй. Гүйх ёстой нормоо л биелүүлэхийн төлөө гүйсээр л байсан. Өөрөөрөө маш их бахархаж, эмэгтэйчүүдийн бахархлыг төрүүлэн, зорьсондоо хүрдэг ээж байж чадсандаа баярлаж байна.


Т.Рэнцэнбадам дөрвөн хүүхэдтэй айлын ганц охин. Дээрээ хоёр ах, доороо нэг эрэгтэй дүүтэй. Бага эрэгтэй дүү нь энэ удаагийн гүйлтийн тогоочоор ажиллаж хоол ундыг нь хариуцсан аж. Том ах маань малчин хүн байдаг. Дунд ах маань Австрали улсад гэр бүлээрээ ажиллаж, амьдардаг. Дунд ах Танхай ерөөлч гэж өөрийгөө хочилдог билэг дэмбэрэлт үгстэй ерөөлчөөр гүйж явах зам дагуу тосоод Приус-50 автомашиныг бэлэглэсэн.


Би өглөө 15км, орой 15км гээд өдөрт төлөвлөсөн ёсоороо 30 км гүйсэн. Үнэхээр дуу цахилгаантай бороо айхтэр ширүүн, гамшгийн хэмжээнд байвал зогсоож байгаад намжихаар нь үргэлжлүүлэх ганц нэг тохиол байсан.


“Эмэгтэй хүн л болсон хойно гоо сайхандаа анхаарна. Гэхдээ гүйлтийн үеэр нүүрээ будаж, тос түрхэх зэргээр арьсаа гундахаас хамгаалаагүй. Гүйлтийн үед надад тийм ч чухал санагдаагүй. Өглөө, оройдоо усаар угаагаад л болчихно. Эрүүл байвал бүх юм болно доо. Эцэст нь хэлэхэд спортоор хичээллэж цар тахлын үед дархлаагаа дэмжээсэй гэж олон нийтийг уриалмаар байна ” гэсэн юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 18, 2021 09:42

Үлгэр дуури�##��##� авахаар Их сайхан мэдээ байна. Ухаантай эмэгтэй байна. Х�##�уун баяр хүргье!

бахархаж байна
бахархаж байна
9 сар 18, 2021 11:02

Баяр хүргэе.

Зочин
Зочин
9 сар 19, 2021 12:07

Мундаг бүсгүй

Иргэн
Иргэн
9 сар 19, 2021 13:58

Уха�##�аг ч, сайхан ч бүсгүй цэрэг хүн байна. Баяр хүргэе. Баярл�##�аа.

Зочин
Зочин
9 сар 19, 2021 15:51

teneglel

Зочин
Зочин
9 сар 19, 2021 17:59

Ш�##� хэрэггүй, хэнд ч тусгүй ажил. Амьхандаа үнэгүй байртай болох санаатай гүйсэн байхор. Албан газар нь төсвийн мөнгөөр өгөх болов уу

Холбоотой мэдээ

Back to top button