Хямралтай ч хуримтлуулж эхэл
Дэлхийн хуримтлалын өдрүүд тохиож байгаатой холбоотойгоор уншигчдадаа санаа өгөх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Бизнес эрхэлж амжилтад хүрэх, эс бөгөөс өрх гэрийн аж амьдралд хаяа тохиолддог их хэмжээний мөнгөн хэрэгцээгээ хангах гээд хуримтлалтай байхын давуу тал их. "Үүнийг мэдэхгүй хэн байна" гэж уншигч та бодож магадгүй. Хуримтлалын давуу талыг бүгд мэддэг. Гагцхүү шууд эхэлж чаддаггүйд хамаг асуудал оршдог юм. Өөрөөр хэлбэл, "Тохиромжтой цаг биш" хэмээн хойшлуулдагт хамаг учир оршино. Одоо ч гэсэн "Мөнгөний ханш унаж байна, цаас болж байгаа мөнгийг хуримтлуулах утгагүй" гэж бодож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Гэтэл уримтлал гэж зөвхөн төгрөгийн хуримтлалыг хэлэхгүй. Харин төгрөгийг хямралтай үед хожим үнэ цэнэ өсөх зүйлсэд хөрвүүлэхийг хэлж байгаа юм. Тиймээс энэ тал дээр ухаан зарж, хурааж хумьсан юм байгаа бол түүнийгээ үнэ цэнжүүлэх тал дээр анхаараасай гэдэг санаагаа энэхүү нийтлэлээр илэрхийлж байгаа юм.
ХЯМРАЛ СҮЙРЭЛ БИШ
Эдийн засгийн хямрал бол сүйрэл биш. Зах зээлийн тогтолцооны ерөнхий онол дотор байн, байн заавал тохиож байдаг эдийн засгийн мөчлөг, үе шатуудын талаар тусгайлан дурьдсан байх бөгөөд хүндрэлтэй буюу хямралыг харин ч “Боломж” гэж тодорхойлжээ. Олонхийн хувьд хямрал нь хүсүүштэй зүйл биш ч гэсэн “Түрүүчийн үе шатынхаа гажуудал, туйлшралыг илрүүлж, зах зээлийн эдийн засгийг тогтворжуулагч үйл явц бөгөөд хөөрөгдөл, гажуудал, туйлшралыг зөөлрүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээж өгдөг” ашигтай юм.
Түүнчлэн иргэдийн хуримтлал үүсгэх сэдлийг өдөөж өгдөг гол хүчин зүйл гэж тооцогддог, хямралын дараагийн жилүүдэд банкны хадгаламжийн хэмжээ ихээр нэмэгддэг ажээ. Тийм ч учраас чухам яг одооноос өрхийн төсвөө нарийн зохиож, хуримтлалаа үүсгэж эхлэхийг нийт монголчууддаа уриалж байна.
Мөнгө хуримтлуулна гэдэг хэлэхэд амархан юм шиг боловч хийхэд хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ онцлогийг нь өөр дээрээ нэг мэдэрсэн байхад цаашдаа асуудал үгүй. Гол нь төгрөг биш, төгрөгийг юунд хөрвүүлж хадгалах вэ гэдэг дээр хамаг ухаанаа төвлөрүүлээрэй.
МӨНГИЙГ ӨӨРТӨӨ ЗҮТГҮҮЛ...
Мөнгөнд хүч бий. Тэр хүч нь олуулаа, цугтаа байхдаа л илэрч гарч ирдэг юм. Та цалингаасаа тодорхой хэсгийг банкинд хадгалуулж эхэллээ гэж бодъё. Банк таны хадгалуулсан мөнгөнд хүү бодож өгнө. Өөрөөр хэлбэл, та мөнгөний төлөө ажиллаж байсан бол хуримтлал үүсгэснээр мөнгө таны төлөө ажиллана гэсэн үг. Хуримтлал ихсэх тусмаа хүч чадал нь улам ч нэмэгдэнэ. Зах зээлийн зүй тогтлоороо эдийн засгийн хүнд мөчлөгүүд тохионо. Энэ үед бэлэн мөнгөний хүч чадал улам ч нэмэгдэнэ гээч. Бэлэн мөнгөний хомсдлоос үүдэн зах зээл дээр үнэ буурдаг. Үнэ буурах тусам хуримтлалтай хүний худалдаж авах чадвар нэмэгдэх нь мэдээж. Чухам ийм л учраас хуримтлалтай иргэн хямралд гал алдахгүй, харин ч баярладаг. Нөгөө талаар, эдийн засаг хямралтай, хүнд хэцүү үед хуримтлалаа зарцуулснаар улс орноо ч дэмжиж байгаа гэсэн үг юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярлалаа сайхан мэдээ байна