"Гурвантэс" сум зудад өртсөн малчдынхаа хүүхдүүдэд тэтгэлэг гардуулжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум сүүлийн дөрвөн жилийн турш гантай буйгаас үүдэн нийт малчдын 60 гаруй хувь нь бусад аймгаар оторлож байна. Тус суманд уул уурхайн чиглэлийн 9 компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь малчид, нутгийн иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг ч төр засгаас бодлогоор дэмжсэн ямар ч арга хэмжээ авдаггүй талаар тус сумын засаг дарга Г.Гангамаа хэллээ.
Тиймээс иргэд, малчдынхаа ачааг бага ч гэсэн хөнгөлөхөөр тэрбээр Гурвантэс сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн болоод бусад томоохон компаниудаас оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Түүний хүсэлтийг 11 компани хүлээн авч нийт 103 оюутанд тус бүр хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Гурвантэс сум нийт 135 оюутантайгаас 22 нь ерөнхий сайдын болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаж, үлдсэн нь цэрэгт явсан болон тодорхой шалтгаанаар завсарласан байгаа аж. Одоогоор гадаадад сурдаг оюутнууддаа дэмжлэг үзүүлээгүй байгаа ч нарийн судалгааг нь гаргаж, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа аж.
Өмнөговь аймгийн Гурвантэс сум 5300 орчим суурин хүн амтай, 980 орчим малчин өрхтэй. Ган, зудаас болж малчин өрхүүд эдийн засгийн маш хүнд нөхцөлтэй тулгараад буй. Тиймээс ч нийт малчдын 60 гаруй хувь нь Дорнод аймгийн Матад сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум хүртэл найман аймгийн 20 сумаар тарж, оторложээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.