НийгмийнНийгэм мэдээ

"ХОМ-ээ мэдүүлдэг 40 мянган хүнээс 500 гаруйг нь л шалгадаг"

БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Очбадрахыг шүүгчээр томилохыг, мөн Авлигын эсрэг шүүх байгуулахыг эсэргүүцэж буй талаараа иргэн Х.Бат-Ялалт өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нэгдүгээрт, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид нэр дэвшигчийг сонгохдоо ард нийтийн саналыг авдаг болсон байна. Энэ хүрээнд би өнөөдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Очбадрахыг шүүгчээр нэр дэвшихийг нь эсэргүүцсэн саналаа ШЕЗ-д хүргүүлж байгаа. Ямар нэг хувийн өс хонзон агуулаагүй. Энэ хүн миний холбогдсон хэрэг дээр хяналт тавьж байсан прокурор. Энэ хүнд итгэх илтгэл байхгүй учраас энэ хурлыг хийж байна. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг мөрдөөгүй ноцтой зөрчсөн алдаа дутагдлууд гаргасан гэж миний зүгээс үзэж байгаа. Сонгуулийн үеэр санаатайгаар улс төрийн хүрээнд тодорхой ажлуудыг хийсэн. Нэг ч удаа хууль ёсны дагуу дуудаагүй байж цагдан хорьсон. Тэгээд мэдүүлэг авъя гэсэн. Мэдүүлэг авах зорилгоор хүнийг цагдан хорьдоггүй юм. Энэ мэт маш олон зөрчил байгаа. Тиймээс би өөртэй нь нүүр тулж уулзаж, эфирийн өмнө нээлттэй асуулт асуумаар байна. Асуултад минь хариулж чадахгүй бол битгий шүүгч хий л гэж хэлмээр байна. Ийм хүн шүүгч хийж, хуулийн байгууллагад ажиллаж болохгүй. Шүүх, хууль хяналтын мэргэжилтнүүд хэргийн бодит үнэнийг эргэлзээгүйгээр нотлох ёстой. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэгт нь бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хяналт тавьдаг байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Авлигын эсрэг шүүх байгуулахыг судлаач хүний хувьд би эсэргүүцэж байна. Шүүхийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс үүнийг дэмжиж байна. Энэ шүүхийг байгуулснаар хоёр ноцтой үр дагавартай. Нэгт өнөөдрийн шүүгч нар авлигын эсрэг ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлт байна. Өөрөөр хэлбэл, авлигачдаас хараат болчихно гэдгийг энэ хуулийг санаачилснаар хэлж байна.

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг 3 этгээдийг үйлдсэн гэж 11 шүүгч гэм буруутайд тооцсон. Гэтэл тэр 11 шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгоод тэр 3 хүн хэлмэгдсэн болсон. Тэгвэл тэр 3 хүнийг хэлмэгдүүлсэн тэр 11 шүүгч, цагдаа нар яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Ийм байхад шударга шүүхийг бид хэнээс хүлээх юм? Энэ мэтчилэн шүүхийн хариуцлагагүй байдлын талаар маш олон тоо баримттай мэдээллийг гаргаж ирж болно. Иймэрхүү янзаар шударга бус ажиллаад байвал ард түмний буюу хувьсгал гэдэг юм болно. Шүүгч өнөөдөр ажлаа зөв хийхгүй байгаа учраас ард иргэд өнөөдөр бүгдээрээ шүүгч болчхоод байна.

Тиймээс Авлигын эсрэг шүүхтэй болбол авлига авдаг цөөн хэдэн хүнтэй болж, 1930 оны үед байсан Бүрэн эрхт онцгой комисс гээд дөрөвхөн хүн гарын үсгээ зурж хүн цаазалдаг байсан хэлбэр рүү буцаж орох гээд байна. Өнөөдөр 800 гаруй шүүгч байх ёстой гэж байна. Тэр 800 шүүгч шат шатандаа ажлаа хийгээд явах ёстой ч эрх баригчид тэр хүмүүст итгэхгүй, тусдаа шүүх байгуулахыг хүсэж байна. Авлигатай тэмцэх тусгай шүүх байгуулахад хүн хүч их шаардана. Засаг, захиргааны нэгж болгон дээр авлигын гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тэр болгон дээр авлигатай тэмцэх шүүгч ажиллаж чадаж байгаа юу? ХОМ-ээ мэдүүлдэг 40 мянган хүнээс 500 гаруйг нь л шалгадаг. Бусдыг шалгаж чаддаггүй. Зөвхөн 500-г нь шалгахад л маш олон гэмт хэрэг илэрч байдаг. Цаана нь байгаа 35 мянган хүнийг шалгахгүй үлдээж байна гэдэг л манай авлигатай тэмцэх үйл ажиллагаа хэр зэрэг бодитой байгааг харуулж байна. Би өөрөө АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн учраас энэ тоо баримтыг хэлж байна.

Өнөөдөр бид ухамсраараа энэ асуудлыг шийдэхгүй бол асар их үнээр даван туулах болно гэдгийг л хэлмээр байна. Нийгэм бол маш том зөрчлийн ирмэг дээр байна. Тэрбум төгрөгийн авлига авсан хүн 27 саяар торгууллаа гээд л яриад байж байна. Нийгэмд аюул учруулж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх хууль, хяналтын байгууллагын бодлого хэр зөв яваа вэ гэдгийг олж хараасай, олон нийтэд зөвөөр мэдээлээсэй гэж хүсэж байна. Мөн шүүгчээр томилогдсон болон томилох гэж байгаа хүмүүсийн талаар ШЕЗ-ийн авч буй саналд идэвхтэй хамрагдаж, оролцоосой л гэж уриалмаар байна" хэмээн мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button