УРЛАГ

The Lemons: Хуучны соёлыг түгээж, шинэ цомгоо кассетаар гаргана

..Надад хайргүй чинь vнэн үү

Намайг бодсондоо хуурсан тийм үү

Найдаж хүлээх хэрэггүй гэл үү

Найз нь ойлгохгvй явж тийм үү...унших төдийд аманд аялагдах нь гарцаагүй. Тэд бүтэлгүй хайр, бүтсэн дурлал, шархалсан сэтгэл, шаналсан бодлууд гэх мэт бидний бусдаас нуудаг бүхий л мэдрэмжүүдийг дуундаа шингээсэн байдаг. Тиймдээ ч аль ч цаг үеийн бүхий л насны хүмүүс сонсож, хайрладаг учраас "Нимбэгнүүдийг" мэдэхгүй хүн ховор биз.

Энэ удаа бид "Залуу лениний ойролцоо 3 давхар" кассетийн баярт зориулан The Lemons хамтлагийн дуучин Ц.Одбаяр болон тав дахь гишүүн гэж нэрлэгддэг соль гитарчин н.Чинчулуун нартай хэсэг хугацаанд ярилцлаа.

-Анх "A-Sound" хамтлагтай хамт урлагийн тайзнаа гарч ирсэн-

-Юун түрүүнд кассетны баяраа хийх гэж байгаад баяр хүргэе. Анх хамтлаг байгуулагдахдаа A-Sound-тай нэг лабелээс гарч ирсэн гэдэг юм билээ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Баярлалаа. "Залуу ленины ойролцоо 3 давхарт" цомгийн кассетны баяр болох гээд нүр их ажилтай л байна. Хамтлаг байгуулагдаж байсан түүх бас их сонин. Анх Jerry, Тулгаа хоёрыг би танилцуулж байлаа. Тухайн үед Тулгаа "Midnight" гээд хамтлагт, харин би "Metronome" гээд металл рок хамтлагт гитарчин байсан. Тэгээд Jеrrу, Тулгаа хоёр надад хамтлаг байгуулъя гээд хамтрах санал тавьсан. Би тэр үед металл рок хамтлагт тоглодог байсан шүү дээ. Тэгээд л арай өөр зүйлд татагдсан байх л даа. Ингээд 2004 онд хамтлаг бүрэлдэж "The Lemons" хамтлаг байгуулагдсан” хэмээн ярьсан байдаг. Хамтлагийн нэрийг “Лемонс” гэж Jеrrу өгсөн.

A-Sound-тай нэг лабелээс гарч ирсэн нь үнэн. Тэр үед одоогийн Плэйтаймын зохион байгуулагч Ц.Нацаргдорж ах маань биднийг эхний дуу, анхны цомог дээр минь дэмжиж хоёр шинэ хамтлагийг урлагийн тайзнаа хөтлөн гаргасан даа.

-Аль ч цаг үеийн ямар ч хүн танай хамтлагийг сонсдог. Бүр танай хамтлагтай нас ижил хүүхдүүд хүртэл сонсдог. Үүний учир юундаа байна вэ?

-Сонсогчид, улам залуужиж байгаа. Магадгүй дууны үг, аль эсвэл аялгуу нь таалагдсан байдаг байх. Бид чинь маш цөөхөн удаа дууны үгээ хүнээс авч байсан. Ихэвчлэн өөрсдөө л бичдэг. Хаягдсаныхаа дараа "Хайртай" дууг бичсэн үү, гэж хүмүүс их асуудаг. Үнэндээ үгүй ээ. Тэр дуу зүгээр л бүтчихсэн. Энэ мэтчилэн энгийн учраас хүмүүст их хүрдэг байх.

-Маш цөөхөн удаа дууны үг авсан гэлээ. Яруу найрагчдаас авч байсан уу аль эсвэл өөр хамтлагийн дуучдаас авч байсан уу?

-н.Тулгаа бид хоёр ихэнх шүлгийг нь бичсэн. Хөгжмийг нь ч гэсэн өөрсдөө хийдэг дээ. "Залуу лениний ойролцоо 3 давхар" цомгийн "Өөр ертөнц" дууны үгийг "Нисванис" хамтлагийн Амгаа ахаас авсан. Анхний цомогт багтсан зарим дууныхаа шүлгийг "Гоо даль" сэтгүүлийн Амгалан эгч, "Нисванис"-ийн Амгаа ахаас авч байлаа. Цомгийн хамгийн сүүлчийн дуу болох "Шөнө дунд цас орж байна" дууны шүлгийг яруу найрагч Х.Өлзийтөгс эгчээс авсан. Анх хамтлаг байгуулагдаад "Хайртай", "Шөнө дунд цас орж байна" гэсэн хоёр дуутай байлаа. Тэгээд бид "Шөнө дунд цас орж байна" дуугаа хоёр дахь цомогтоо оруулахаар шийдсэн юм. Олон жилийн өмнө Х.Өлзийтөгс эгчээс "Нэг нүдтэй загас" гэдэг шүлэг авсан. Одоогоор уран бүтээл болгож чадаагүй л байна.

-Шинэ цомгийн ажил эхэлсэн үү?

-Шинэ уран бүтээл цацах бодол байгаа. Гэхдээ хэзээ гэдгийг нь таашгүй. Эхний ээлжид "Залуу лениний ойролцоо 3 давхар" цомгийн кассетийн баяраа амжилттай хийж, нимбэгнүүдтэйгээ уулзах зорилготой байна.

-Энэ цомгийн нэрийн талаар яривал?

-Манай хамтлагийн бэлтгэлийн байр Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрладаг. Байрны өмнөх талбайд залуу Ульяновын хөшөө бий. Бидний ихэнх дуу бэлтгэлийн байрандаа зохиогддог учраас хамтлагийн гитарчин Тулгаа маань цомгийнхоо нэрний санааг гаргаж, бидэнд ч их таалагдсан. Тэгээд л энэ нэрийг өгсөн.

-Хуучин соёлоо түгээхийн тулд кассетны баяр хийж байна-

-Сонирхолтой юм. Одоо үед кассет хэрэглэх хүн ховордсон шүү дээ. Яагаад цомгоо дахин кассет хэлбэрээр гаргаж байгаа вэ?

-Анх бид цомог бүрээ пянзаар гаргаж байлаа. Өөрийн тань хэлсэн шиг кассет сонсох хүн бага учир, хуучин соёлыг дэлгэрүүлэх гэж л энэ цомгоо кассет болгосон. Бидний бага насанд кассеттай хөгжим, кассет тоглуулагч эд моодонд орж байсан. Тэгээд л дараагийн шинэ зүйлс гарч ирээд, бага багаар алга болчихсон. Тиймээс одоо хуучин соёлоо гаргаж ирэх л гэсэн юм.

-Ер нь хүмүүс Одноогийн хувцаслалт, хэв маягийг их ярьдаг. Энэ стилийнхээ тухай яривал?

-Зүгээр л хар шилийг л өдөр шөнөгүй зүүдэг хүн гэхэд болно. Би байнга зүүдэг, тэр маань стиль болоод тогтчихсон байна. Хүмүүс кефкен малгай өмсөөд, хар шил зүүгээд л Одноо болчихно гэж их ярьдаг. /инээв/

-Тоглолтын талаар мэдээлэл хуваалцвал?

-Бид нар "Залуу ленины ойролцоо 3 давхар" цомгийн бүх дууг дуулна. A-Sound болон өөр хэд хэдэн хамтлаг DJ нар ирнэ. 4000 хүн багатах том талбайд зохион байгуулж байгаа учраас, сул чөлөөтэй, тав тухтай байна. Мөн хамтлагийн мерч болон бэлэг дурсгалын зүйлс худалдаалагдана. Кассет маань их цөөн тоогоор худалдаалагдах юм шүү. Бас манай Red party-нд ирэхдээ ямар нэгэн байдлаар улаан өнгийн хувцас өмсөж ирээрэй энэ их чухал шүү. /инээв/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button