Улс төрийн мэдээ

"Нью-Йорк дахь Ерөнхийлөгчийн уулзалтууд цуцлагдаагүй"

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79-р чуулганы хүрээнд орон орны удирдагчид АНУ-ын Нью-Йорк хотноо цуглаад байна. Чуулганы өмнө "Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт" зохион байгуулагдаж байгаа юм.

Харин нийтийн сүлжээгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн товлосон уулзалтууд цуцлагдаж буй гэх мэдээлэл түгж эхэлжээ. Ийм сэдвийг жиргээчид өлгөж аван хэлэлцэж байна.

ЕТГ-ын газраас тодруулахад, одоогоор цуцлагдсан уулзалт байхгүй талаарх мэдээллийг өгч байна.

Түүнчлэн, НҮБ-ын Ерөнхий ассамблейн үндсэн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэл эхлээгүй байгаа. Энэ үеэр л төрийн тэргүүд идэвхийлэн уулздаг.

Харин өмнөх "Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт"-ын хүрээнд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд хоёр орны ерөнхий сайдтай уулзчихаад байгаа. Тодруулбал, Бутаны ерөнхий сайд Цэрэн Тобгай У.Хүрэлсүхэд бараалхсан. Өчигдөр Япон улсын ерөнхий сайд Ф.Кишида уулзсаныг NHК хэвлэл онцлоод байна.

У.Хүрэлсүхийн уулзалтыг цуцалсан бол шалтгаан нь Владимир Путиний айлчлал байх нь дамжиггүй. Энэ өнцгийг ч жиргээчид идэвхийлэн дэвшүүлж байна. Ромын дүрмээр Гаагийн шүүхээс баривчлах тушаал авсан хойд хөршийн удирдагчийг найрсаг хүлээж аваад буцаасан гэж барууны хэвлэл биднийг буруутгаж буй.

Үүнийг дэмжих нь үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын асуудлыг чухалчилж үздэггүйн илрэл юм. Угтаа гадаад бодлого чухам үүнийг хадгалж, хамгаалахад чиглэдэг.

Хэлмэгдүүлэлтийн хүйтэн он жилүүдийг түүхийн хуудсаас арчих аргагүй ч мөнхийн хойд хөршийн удирдагчийг баривчилна гэж саруул ухаанд багтамгүй явдал. Баривчиллаа ч ОХУ-ын батлан хамгаалах салбарын хүчнийг бид дийлэхгүй, дараа нь удаан хугацааны "хориг"-т орох бодит эрсдэлтэй билээ.

Владимир Путин битгий хэл жижиг орны удирдагчийг баривчлах байлаа ч бид хүчрэхгүй нь тодорхой билээ. Тиймээс анхнаасаа Ромын дүрэмд нэгдсэн нь л манай улсын хувьд дэгс хэрэг гэж харагддаг.

Барууны орны жишээ Японы ерөнхий сайдтай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амжилттай уулзлаа. Ерөнхий ассамблейн чуулган эхэлсний дараа гол уулзалтууд үргэлжилнэ. Үүнээс өмнө өөрсдийн орны эрх ашгийн өмнөөс нөхцөл байдлыг тайлбарлах бус, "Уулзалтуудаа цуцалж эхэлжээ" гэх мэтийн хатгалгыг өдөөн дэмжих нь ихээхэн өрөөсгөл хандлага гэдгийг сануулууштай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинfdg
Зочинfdg

uulzahgui bolood l ed nar ingej sandarch tailbar bichijdee oxxo

Холбоотой мэдээ

Back to top button