Top StoriesНийгэм мэдээ

Өсвөр насныхан өөрийгөө хамгаалахын тулд хүйтэн мэстэй явдаг болжээ

“Би...сургуулийн 11-р ангийн сурагч. Өнгөрсөн сард нэг орой найзууд, үеийнхэнтэйгээ сагсны секцээ тараад, найзынхаа байрны гадаа зогсож байлаа. Тэр үед дээд ангийн Т,Б,А гурав ирээд бид хэдийг дээрэлхэх маягтай дарамталж байсан. Тэгэхээр нь манай найз Х тэдний өөдөөс сөргөөж үг хэлсэн.  Гэтэл дээд ангийн ах Б найзын маань гуя руу цохиод авах шиг болсон.

Манай найз “Яаа” гэж орилоод гуяа бариад хэвтээд өгсөн. Дээд ангийн ах нар найзыг маань орилохтой зэрэгцээд гүйгээд явчихсан юм. Гуяа бариад хэвтэж байгаа найзаасаа “Зүгээр үү” гээд очоод харахад, гуянаас нь цус гарч байсан. Энэ явдлаас хойш би биеэ хамгаалахын тулд үргэлж ямар нэгэн зүйлтэй явдаг болсон” гэж 16 настай Б бидэнд ярьсан юм.

Сүүлийн долоо хоногт өсвөр насны буюу 15-17 насны хүүхдүүд хүн хутгалсан гурван хэрэг гарсан нь олны анхаарлыг татаад байна. Тэд сургуулийн орчинд өөрийгөө хамгаалахын тулд болон сонирхож үзсэн юм гэх мэт шалтгаанаар хүйтэн мэстэй явдаг болжээ. Бид энэ талаар өсвөр насны сурагчидтай ярилцлаа.

-Өөрийгөө хамгаалахын тулд ямар нэгэн хүйтэн мэс халаасалж явдаг-

Кейс1

Бид нар олуулаа нийлдэг. Заримдаа ангидаа тоглож байгаад, сургуулиас орой гардаг. Тэр үед сургуулийн ойр орчимд нөгөө ангийнхан юм уу, дээд үеийнхэнтэй таарвал заавал ямар нэгэн юм болно. Бид хоорондоо их таарамж муу. Тиймдээ ч заримдаа гар зөрүүлээд зодолдчихдог. Бид нар бусдад дээрэлхүүлэхгүй гэсэн бодолтой, харин тэд нар "Ямар овоо юм бэ" гэсэн хандлагатай таарах болгондоо л ам мурийдаг. Тэр орой сургуулиасаа гараад хэдхэн метрийн цаана нөгөө ангийнхаа хэдэн хүүхэдтэй таараад үг сөрж байгаад, зодолдсон. Тэгэхэд над руу нэг хурц үзүүртэй зүйл хатгасан ба гайхаад харахад хайч бололтой тийм юм байсан. Надад гэхдээ нэг их гэмтэл учруулаагүй ч гэсэн би энэ явдлын дараа өөрийгөө хамгаалах ямар нэгэн юмтай явдаг болсон.

/Нэр царай болон сургуулиа нууцлахыг хүссэн/

Кейс2

Сагсан бөмбөгийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээний орой дээд ангийнхантайгаа таарахад, "Өдөр яагаад байлаа" гэж ирээд бидэнтэй маргасан. Бид хариугаа өгөхгүй өөдөөс нь юм хэлээд байсан. Гэтэл шууд л хэдэн үгийн дараа нэг нэгнээ заамдалцаад муудаж эхэлсэн чинь халааснаасаа жижигхэн тонгорог гаргаад ирсэн. Би тухайн үед нүүр болон биеийг минь зүсэх вий гэж айсан ч азаар надад хүрээгүй. Тэгээд л дээд ангийнхан биедээ хутгатай явдгийг мэдсэн.

/Нэр царай болон сургуулиа нууцлахыг хүссэн/

Кейс3

Би яагаад ч юм бусдад дээрэлхүүлэх вий гэж боддог. Шөнө орой сургуулиа тараад харих зам саадтай учраас өөрийгөө хамгаалахын тулд жижигхэн мэс халаасалж явдаг. Хэн ч гарч ирээд намайг цохиод авч магадгүй шүү дээ.

/Нэр царай болон сургуулиа нууцлахыг хүссэн/

Өөрсдийн нэр, нас, сургуулиа нууцлахыг хүссэн сурагчид бидэнд өөрт тохиолдсон кэйсүүдээ хуваалцлаа. Тэд бүгд өөрийнхөө аюулгүй байдлыг хангах үүднээс мэстэй явдаг болсон талаараа дурьдаж байна. Үүнээс харахад, сургуулийн орчинд тэднийг харах, хянах анхаарал муу байгааг илтгэж байгаа юм.

Энэ ташрамд сүүлийн 10 хоногт ЦЕГ-аас олон нийтэд мэдээлсэн өсвөр насныхны гэмт хэргийн мэдээллийг хүргэж байна.

Одоогоос 14 хоногийн өмнө буюу аравдугаар сарын 8

“Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа.” гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад 17 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн байна. Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар билъярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогдсон.

Аравдугаар сарын 15

“Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай Д гэгчийн дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй М нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж, гэмтээсэн байжээ.

Аравдугаар сарын 15

Орхон аймгийн Баян-Өндөр суманд 15 настай хоёр хүүхэд, 14 настай хүүхдийн iPhone 8 загварын гар утсыг дээрэмдэж, улмаар хэвлий хэсэгт нь хутгалан Улаанбаатар хот руу зугтсан байжээ.

Бид эдгээр хэрэгтэй холбоотойгоор өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагийн гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргийн тасгийн хурандаа Б.Хатанбаатартай ярилцлаа.

-Нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдлын дийлэнх хувь нь "Санамсаргүйгээр, тоглож байгаад гэмтээсэн" гэх тайлбар өгдөг-

-Энэ онд хичнээн хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бэ?

-2024 оны эхний есөн сарын байдлаар 818 хүүхэд холбогдож шалгагдсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар буурсан. Мөн гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүүхдүүд өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар буурсан. Харин гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүд 42.8 хувиар өссөн гэсэн мэдээлэл бий.

-Хүүхдүүд ямар гэмт хэрэгт түлхүү өртөж, шалгагдах болон бэртэл гэмтэл авдаг вэ?

-Насанд хүрээгүй хүүхдүүдийн дийлэнх нь хүний биед халдах, бусдын биед халдах гэмт хэрэгт илүү шалгагддаг.

-Дунд, ахлах ангийн сурагчид сургуулийн орчин болон олон нийтийн газар хүйтэн мэстэй явдаг болсон. Энэ талаар?

-Зөрчлийн тухай хуулийн 5.1-р зүйлд зааснаар Олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явах гэсэн заалт бий. Үүн дээр ажил үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатайгаар бусад болон ёс заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот суурин газарт хутга мэс болон бусдын биед гэмтэл учруулахаар эд зүйлс авч явахыг хориглох заалт байгаа.

-Хүүхдүүд "Насанд хүрээгүй учир хуулийн хариуцлага хүлээхгүй" гэж боддог. Яг хуулиндаа тэдний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдэх дүрэм журам бий юу?

-Зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хуулинд 16 насны хүүхдэд хариуцлага тооцохоор заасан байдаг. Тэр дундаа эрүүгийн хуулийн тусгай 12 зүйл анги дээр 14-өөс дээш насны хүүхдүүдэд хариуцлага тооцохоор заасан байдаг. Өсвөр насныхан эрх зүйн мэдлэг дутуугаасаа болоод өөрийн болгоомжгүй үйлдлээрээ гэмт хэргийн хохирогч болдог.

-Сүүлийн үед сурагчид маш ихээр нэгнээ хүйтэн мэсээр гэмтээж байгаа. Үүний учир шалтгааныг юу гэж тайлбарладаг вэ?

-Дийлэнх тохиолдолд хүүхдүүд хичээлдээ хэрэглэх зориулалтаарр цаасны хутга, хайч, сийлбэрийн хутга гэх зэргийг авч явдаг талаараа мэдээлдэг. Мөн нэг нэгэнтэйгээ тоглох үедээ хурц үзшшртэй зүйлээ нэгэн рүүгээ шиддэг. Үүнээсээ болоод санамсаргүй тохиолдлоор бусдын битед гэмтэл учруулсан дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Зарим тохиолдолд санаатайгаар мэс авч явсан нь батлагддаг. Тэр үед биеэ хамгаалах зорилгоор авч явж байгаа талаараа хэлдэг.

-Сургуулийн орчин болон олон нийтийн газарт бусдын биеийг гэмтээх эд зүйлтэй явж байгаад хэрхэн анхаарал тавих вэ?

-Хутга мэстэй буруу харьцснаас болоод бусдаг гэмтээх тохиолдлын талаар ойлгуулах. Мөн хичээлийн үедээ хэрэглэчхээд дахин гаргаж ирэхгүй байх талаар хүүхдэд сайтар ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 23, 2024 13:22

Дүү нар нь хүйтэн зэвсэг, ах нар нь буу бариад л энэ улс ч

Зочинfdg
Зочинfdg
10 сар 23, 2024 23:08

cusnii zerleguud

Зочин
Зочин
10 сар 24, 2024 06:44

Монголчуудын сэтгэц сэхээнд байна

Зочин
Зочин
10 сар 24, 2024 09:11

Хүйтэн зэвсэг биедээ авч явах нь хуулиараа хориотой. Цагдаагийнхан ажлаа сайн хий. Нэгжлэг хий, хүйтэн зэвсэг авч яваа этгээдүүдийг хуулийн хариуцлага тооц. Тэгээд л болоо.

Гарчиг нь буруу
Гарчиг нь буруу
10 сар 24, 2024 11:43

ГАНЦ ХОЁР ТОХИОЛДОЛ БИЧЧИХЭЭД НИЙТЭЭРЭЭ ИЙМ ЮМ ШИГ БИЧИХ НЬ ҮНЭНД НИЙЦЭХГҮЙ. ЯДАЖ ГАРЧИГАА ОНОВЧТОЙ ӨГЧ СУРААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button