50 тэрбумын бондоор нийслэлд нэг л бохирын шугам холбоно

Энэ онд Улаанбаатар хот анх удаагаа бие даан 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд босгосон.
Үүний 300 тэрбумыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад зээл олгох байдлаар, 150 тэрбумыг Улаанбаатар хотын зам засахад зарцуулж, үлдсэн 50 тэрбум төгрөгөөр “Туул 1” коллекторыг санхүүжүүлж буй.
Угтаа бол нийслэл тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхээр дээрх бондыг гаргаж, өөрсдөө захиран зарцуулж байгаа. Гэхдээ бонд бол эргэн төлөгдөх мөнгө буюу түр хугацааны өр. Тиймээс бондоор хэрэгжүүлэх төслүүд эргээд үр ашиг өгөх үү. Мөнгө өө яаж босгох вэ гэх асуудал гарч ирнэ. Иймд бондоор санхүүжүүлж буй төслүүдийг авч үзвэл,
- Дотоодын 500 тэрбумын бонд зарцуулсан төслүүдээс Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт ашиглалтад орсон. Хоёр дугаар ээлж нь ирэх онд ашиглалтад орно гэж байгаа. Хэрэв ажил нь төлөвлөснөөрөө явбал энэ төсөлд зарцуулах бондын эргэн төлөлтийг асуудалгүй гэж харж болно.
- Мөн автозамын хувьд жилдээ 77 тэрбум төгрөгийг замын сангаас буюу замаар зорчсон авто машинаас авдаг тул эргэн төлөлт нь мөн асуудалгүй.
- Харин үлдсэн 50 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа “Туул 1” коллектор буюу бохир усны Туул-1 гол цуглуулагч шугамын төслийн хувьд бондын эргэн төлөлтийг хэрхэн яаж босгох нь тодорхойгүй. Нөгөө талаас Улаанбаатар хотод нэн шаардлагатай юу гэвэл эрэмбээр арагш бичигдэх төсөл.
-Төсвийн мөнгөөр 17 жил барьсан ч үр дүнд хүрээгүй “Туул-1” коллектор төсөл-
Энэ төсөл төсвийн мөнгөөр 18 дахь жилдээ хэрэгжиж байгаа ч үр дүнд хүрээгүй. “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бохир усны “Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд Засгийн газраас гаргасан. Улмаар өнгөрсөн 17 жилийн хугацаанд жилдээ нэг тэрбум, зарим жил 500 сая эсвэл хоёр тэрбум төгрөг зэргээр тавьсан ч дуусдаггүй. Энэ хугацаанд нийт 30 км шугам угсрахаас өнөөдрийн байдлаар 19.3 км шугам угсарсан байна. Гэхдээ эдгээр шугамуудын дийлэнх нь ашиглалтын шаардлага хангахаа болсон байгаа аж.
Харин төслийн захиалагчаар Ус сувгийн удирдах газар гэж тендерт бичигддэг ч төслийг яамнаас зарлаж, шалгаруулж иржээ. Улмаар Налайхаас нааш явдаг Туул 1 коллекторыг УСУГ-аас шалгаж битүүмжлэл муутай дутуу хийснээс хүлээж авах боломжгүй гэдэг ч улсын комисс ажилласан байхад УСУГ ав гэхчлэн тулгах байдлаар төсвийн мөнгийг уг төсөлд үр ашиггүй зарцуулсаар ирсэн байдаг.
Үүний зэрэгцээ зарим Засаг дарга нар тухайн газар дээр барилгын зөвшөөрөл өгсөн, хашаа хатгуулсан, үйлчилгээ эрхлүүлсэн асуудлууд бий.
Энэ мэт балаг ихтэй уг төслийг бондын мөнгөөр санхүүжүүлэх болсон шалтгаанаа нийслэлийнхэн шинэ Төв цэвэрлэх байгууламжтай холбон тайлбарлаж буй. Шинэ төв цэвэрлэх байгууламжтай “Туул 1” коллектор холбоотой нь үнэн ч байгууламжийн ажилд нэн шаардлагатай нь биш.
-Цэвэрлэх байгууламжаа иж бүрнээр нь ажиллуулж, Төв цэвэрлэхийн асуудалд цэг тавих гэсэн Х.Нямбаатарын санаа зөв хэдий ч нийслэлийн 50 тэрбумаар нэн шаардлагатай бус нэг л бохирын шугам холбох нь-
Шинэ төв цэвэрлэх байгууламж ирэн оны хоёрдугаар улиралд ашиглалтад орохоор болсон ч шинэ цэвэрлэх байгууламж руу очих шугам барьж дуусаагүй байгаа нь бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй нөхцөл байдлыг үүсгэж байна хэмээн албаныхан нийслэлийн 50 тэрбум төгрөгийн бондыг “Туул 1” коллекторын төсөлд зарцуулхаар болсон.
Гэхдээ цэвэрлэх байгууламжид одоо ашиглагдаж байгаа 2 коллектор бий. Үүн дээр шинээр холбогдох Туул-1 коллектор нэмэгдсэнээр гарах үр дагавар ашиг нь ердөө одоо ажиллаж байгаа гол цуглуулагч шугамын ачаалал 35 хувиар буурах явдал.
Өөрөөр хэлбэл нийслэлийн 50 тэрбумаар төв цэвэрлэх рүү нийлүүлж буй бохирын хоолойн ачааллыг 35 хувь бууруулах нэмэлт нэг хоолойн барилгын ажлыг л дуусгана гэсэн үг. Мөн 17 жил хийгээд дуусаагүй ажлыг нийслэл жилийн дотор засварлаж, үргэлжлүүлэн дуусгахаар төлөвлөөд байна.
Түүнчлэн бид саяхан төв цэвэрлэх байгууламж бохироо цутгаж буй туул голын орчин нөхцөлийн талаар Хан-уул дүүргийг 12-р хорооноос сурвалжилга бэлтгэн хүргэсэн. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу. Тус бүсэд олон жил дагтаршсан өмхийнөөс гадна туул гол бохироо дийлэлгүй эко системээ алдаж өмхийрөн тасарч байгаа болон нийслэлчүүдийн бохирыг шууд нийлүүлсэн уснаас ундаалж буй мал амьтадын сүү, махан бүтээгдэхүүн, тус шугуйд ургасан жимсийг нийслэлчүүд хүнсэндээ хэрэглэх болсон гээд олон жил шийдвэрлээгүй бохирын асуудлаас үүдэн маш олон анхаарал татсан нэн даруй арга хэмжээ авах ёстой асуудлууд гарч ирсэн. Эдгээрийн хамгийн том шалгаан нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир.
Гэтэл нийслэл бусад асуудлыг нь алгасаж Төв цэвэрлэхэд дахин нэг бохир нийлүүлэх шугамыг барьж дуусгахаар 50 тэрбум төгрөгийн бонд гаргажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ тэнэг ф�####�г �######�уулчих юмсаан. Цахилгаан дулааны асуудлаа шийдэж чадахгүй байж их хуцдаг аа бас...ДЦС-2 ын ажлыг яар�##�тай эхлүүлээч.
Хагартлаа баяжаад ямар үүрээд �######�ах биш
Бонд гэдэг чинь өр гэсэн үг
чи хувиасаа мөнгө гаргаад уб шиг ганц хот бариулчихв�##� нүгэл чинь жоохон цайрна. чамайг хамга�##�даг хар, шар хув�##�з нар чинь айлтгүй гэж чамайг их хуурч байна даа.
Бохирын шугам ч гэсэн өртөгөө маш амархан болно. Дулаан цахилгаанч үнээ нэмээд л олчихно.