УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Шууд: Ерөнхий сайд анхны мэдээлэлдээ ирсэнгүй, цөөнхийн төлөөлөл нэхэв

УИХ-ын чуулганы 2024.10.25-ны өдрийн хуралдааны нэгдсэн мэдээллийг хүргэж байна.


ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН:

Шууд дамжуулалт:

НЭМЭЛТ: 15.40 цаг

Боомтын сэргэлтийн бодлогын танилцуулгыг хийж дууссаны дараа УИХ-д суудалтай намуудын төлөөлөл төв индэрт үг хэлэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайдын анхны мэдээлэл хийх ёстой өдөр. Цөөнх асуулт асууж, тодруулга авдаг онцлогтой. Иймд Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож, хариултаа өгөх ёстой. Цөөнхийн гишүүдээ хүндэтгээд Ерөнхий сайд анхны мэдээлэлдээ заавал оролцох ёстой гэдэг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг үгийг уламжилж байна" гэлээ.

Мөн тэрбээр, "МУ-ын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого, дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрийг 2021.12.30-нд батлуулсан. Том төсөвтэй, энтертайнмент арга барилтай, сүржин танилцуулга, агуулгаасаа хэтийдсэн хэлбэр пиартаа анхаарсан хөтөлбөрийг бидэнд танилцуулж, УИХаар батлуулсанаас хойш даруй гурван жил өнгөрчээ. Гэвч үзүүлэх ажил, ахиц дэвшил байхгүй байгаа нь харамсалтай. Энэхүү хөтөлбөртөө 2019 онд 50 сая тонн экспортолж байсан бүтээгдэхүүний нэмэгдүүлж 150 сая тонн-д хүргэх зорилт тавьсан. Гэвч бодит байдал дээр хүчин чадлыг механик хэлбэрээр нэмэгдүүлсэнээс бодит ажил хийгдсэнгүй" хэмээлээ.

ХҮН намаас УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Боомтын салбарт харагдахаар ажил хийсэн гэдгийг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа. Нүүрсний хулгай, маргаан гардаг байв. Хил гаалийн цахимжилтийн түвшин шинэ шатанд гарсан" хэмээлээ.

"Үндэсний эвсэл"-ээс УИХ-ын гишүүн А.Ундраа "Боомтын сэргэлтийн талаарх мэдээллийг Ерөнхий сайд өгөх ёстой байсан. Ерөнхий сайд өөрийн биеэр мэдээлэл хийх нь зөв. Үүн дээр АН-ын гишүүдтэй адилхан байр суурьтай байна" гэлээ.

Мөн тэрбээр, "Өнөөдрийн хийсэн мэдээллийг сонсоход хөрөнгө оруулалт талаасаа нэлээдгүй тооцсон шинжтэй байна. Гэтэл хамгийн чухал зүйл болох хүний нөөц, гаалийн байгууллага, хилийн шалган нэвтрүүлэх ажилчдын ажиллах орчны нөхцлийн талаар нэг ч үг, өгүүлбэр алга. Цагаан хадад жолооч нарын олон асуудал хуримтлагдсан байдаг. Гэвч дурдагдсангүй. Хөрөнгө оруулалт, барилга байгууламж талаас нь ярьж, хүн рүүгээ чиглэсэн ажил шат шатанд дутагдаж байгааг харуулж байна" хэмээлээ.


НЭМЭЛТ: 15.15 цаг

-Фото: Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар танилцуулж эхэллээ-

Үдээс хойших хуралдаан 15.15 цагт эхэллээ. Хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийж байна. Мэдээллийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцууллаа.

Боомтын сэргэлтийн бодлогын танилцуулгад "


ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН:

НЭМЭЛТ:

-Б.Энхбаяр: Татвар чөлөөлөх онцгой бүрэн эрхээ УИХ “Бүсчилсэн хөгжил” гэж нэрлээд ЗГ-т өгчихлөө-

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "2025 оны төсвийг дагуулж орж ирсэн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороон дээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ саналыг гаргасан хүн нь би. Цар тахлын үед УИХ Засгийн газарт бүх эрхээ шилжүүлсэн. Төсвөө хүссэнээрээ зарцуулж, томилгоог дураараа хийж болдог болсон. Хоёр жил ингээд сурчихсан чинь сайд нь ч яам, агентлаг нь ч, төрийн албан хаагчид түүндээ дадчихсан. Ердийн хуулийн хана хэрэм дотор ороод ирэнгүүт байж чадахаа больсон. 2023, 2024 онд анзаарагдаж байсан, тэр нь одоо ч анзаарагдаж байна. Бүгд л улс оноо хөгжүүлье гэсэн сайхан сэтгэлтэй шүү дээ. Б.Жавхлан сайд, Ц.Даваасүрэн гишүүн бид гурав. Нэг нь илүү гэж эрэмбэлэх юм байхгүй. Гол нь энэ сайхан сэтгэлийг ашиглаад хуулийн хулгай хийгээд байна.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн импортыг орлох экспортыг дэмжсэн татварын 90 хувийг Засгийн газраас жагсаалт гаргаж байгаад чөлөөлнө гээд байгаа. Сангийн сайд барилгын материал орохгүй гэж өөрийн амаараа хэлээд байгаа. Хуульд энэ нь байхгүй, Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Энэ нь орно, тэр нь орохгүй гэдгээ яръя” гээд байгаа. Энэ байдлаар батлавал хоёр асуудал үүснэ.

Нэгт, Хэний юуг, чөлөөлөхийг Сангийн сайдын дур зоргоос хамаарч шийдэх гээд байна. Энэ бол авлига. ЗГ шийднэ гэвэл Үндсэн хууль зөрчинө. "Бүсчилсэн хөгжил" гэх гоё нэрийн дор Засгийн газарт өгчихлөө" хэмээлээ.


НЭМЭЛТ: 10.40

-Б.Жавхлан: Технологийн тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг салбар, том жижиг, газар зүйн байрлал хамаарахгүйгээр бүрэн чөлөөлнө-

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Гаалийн татварын тухай хуульд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор гаалийн татвараас чөлөөлж байгаа. Боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэх тоног төхөөрөмжийн бүрдлийн импортын барааг гаалийн албан татваараас чөлөөлөх үү?

Сангийн сайд Б.Жавхлан: "Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй. Технологийн тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг салбар, том жижиг, газар зүйн байрлал хамаарахгүйгээр бүрэн чөлөөлнө" гэлээ.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-Өнөөдөр 2025 оны төсвийн төслийг хэлэлцэнэ-

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.10.25/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэхээр товлоод байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын 25 гишүүн чуулганд ирээгүй байна. Тэднээс 11 нь тасалсан гэж мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button