Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын тендерийг энэ сард зарлаж, ирэх сард ажил эхэлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын ажил ААН-үүдийн харилцаанд шилжсэн. БНХАУ-ын “Чайна Энержи” болон манай Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хооронд гэрээнүүд хийгдэж, ажлууд явагдана.
Нэгдүгээрт, Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэх манай саналыг Хятадын тал хүлээн аваагүй. Иймд энэ сард төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Тендерийн хуулийн хугацаа 30 хоног. Сарын хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна гэсэн үг.
Хоёрдугаарт, манайд зарласан тендерт БНХАУ-ын тал компаниудаа тендерийн дагуу оруулж ирнэ. Ингэснээр хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тавдугаар сарын 1-нээс эхлүүлэх боломжтой гэж үзэж байна. Төмөр замын төслийн төсөвт өртөг нарийвчилсан зураг төслийн дагуу урьдчилсан тооцооллоор 976 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргахаар төлөвлөсөн.
Гуравдугаарт, Хэрэв төлөвлөсөн хугацаандаа ажлаа эхлүүлж чадвал төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд буюу 1.9 жилийн дотор бүрэн дуусгах төлөвлөгөөтэй. 2027 оноос төмөр зам холбогдон, ашиглалтад орно.
УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолд,
УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 3-т “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зураг төслийг БНХАУ-ын хил дотор “Ганц мод” боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлэх гэж заасан байдаг.
Гэвч Хятадын талын төслийн гүйцэтгэгч, суурь бүтэц эзэмшигч компанийг өөрчлөн шинээр төслийн зориулалттай компани байгуулж, түүнд суурь бүтэц эзэмшигчээр бусад эрхийг шилжүүлсэн талаар мэдэгдсэн. Энэ талаараа 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Хятадын тал ажлын хэсгийн ахлагч Кан Фэнвэйгээс Монголын талын ажлын хэсгийн ахлагчид албан захидлаар мэдэгдсэн. Хятадын тал дотооддоо сонгон шалгаруулалт хийж гүйцэтгэгч байгууллагыг тодорхойлж, Монголын талын бүтээн байгуулалтыг тус байгууллалаар гүйцэтгүүлэх чигтэй байна.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.