НИЙГЭМНийгэм мэдээ

Хонины нэхий, үхрийн ширийг үнэгүй өгье гэсэн ч авах газаргүй, хог дээр хаягдах болов

Үхэр, хонины арьс, шир үнэгүйдэж хогийн цэгт хаягдах болжээ. Учир нь манай улсад арьс шир боловсруулах үйлдвэр хомс, гадаад худалдаа зогссонтой холбоотой аж.

"Эмээлт" зах. Арьс шир, ноос ноолуур, түүхий эд авна гэх хаягтай хаалгаар орвол хашааны мухарт хонины нэхий, үхрийн арьс овоорсон байдалтай байлаа. Тус газрын ажилчид сайн мууг нь ялгаад байна уу гэлтэй дээгүүр нь алхалж, нааш цааш шидэж байв. Удалгүй ачааны машин арьс, шир агуулж буй хашаанд орж ирснээр ялгасан хэсгийг нь ачиж эхэллээ. Хаашаа авч явах гэж байгааг тодруулахад "Хогийн цэг рүү. Хонины нэхий, үхрийн шир худалдах зах зээл байхгүй болж, үнэгүйдчихсэн. Энд хог болж хөглөрөөд байгаа учраас ачиж хаяхаас өөр сонголтгүй" гэх хариултыг ченжүүд өглөө.

ҮСХ-ны хамгийн сүүлийн мэдээллээр үхрийн хоёр метрээс дээш урттай шир 2025 оны гуравдугаар сард 7.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 мянган төгрөгөөр өссөн гэв. Харин хонь болон бусад малын арьс ширний үнийн статистик байхгүй байна.

Тодруулбал, Үхрийн шир

  • 2022 оны гуравдугаар сард 4200
  • 2023 оны гуравдугаар сард 5700
  • 2024 оны гуравдугаар сард 6300
  • 2025 оны гуравдугаар сард 7600 төгрөгөөр үнэлэгджээ.

Хэдий статистик мэдээллээр үнэ өссөн мэт харагдах боловч бодит байдал дээрээ үнэгүй өгье гэсэн ч авах ченж алга.

Одоогоор малын түүхий эдийн зах зээлд үнэ буураагүй ганцхан бүтээгдэхүүн байгаа нь ямааны арьс. Өнөөдрийн байдлаар сайн муугаасаа хамааран нэг ширхэг арьс 70-90 мянган төгрөгийн ханштай байна. Яагаад ямааны арьсны үнэ буураагүй вэ гэвэл "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд угаасан ноолуураа дахин боловсруулах буюу самнаж гаргана гэх шийдвэртэй холбоотой. Хятадууд нэмүү өртөг шингээгүй бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаа тул ноолуурыг биш арьс авахыг илүүд үздэг болжээ. Ингэснээр хил давуулаад тус арьснаас үс, ноолуурыг нь өөрсдөө салгаж авах өндөр ашиг сонирхолтой байгаа аж.

"Цагаан алт" хөтөлбөр дан ганц ноолуурыг ч биш малын арьс ширийг ч үнэгүй болгоход нөлөөлөв.

Эргэн сануулахад, Цагаан алт хөтөлбөрийн үр дүнд дараах боломж бүрдэнэ гэж зарлаж байсан.

  • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болно,
  • Ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болно,
  • Арьс, ширний боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

Гэтэл дээрх дурдагдсан алсын зорилго нь замхарч түүхий эдийн зах зээл тэг зогсолтод орчихлоо эрхэм дарга нар аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малчид өөрсдөө буруутай, анхнаасаа хятадуудад өндөр үнээр өгөөд монгол компануудад өгөөгүй зах зээл гээд л шуналтаад л байсан. Монгол компанууд дампуурсан арьс шир хог үнэгүй болсон хятадууд ингэж улс орноор тоглодог дампууралдаг үгүй хийдэгийн том жишээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Засаг төрийн буруутай ажиллагаанд ноос ноолуур арьс шир үнэгүйдэв . М*лчид орлогогүй хоршооныхоо зээлэнд банкинд барьца*лагдлаа . Арьс шир ноос ноолуур Монголын л баялаг....
МАН ч улам ядууруулах ажиллагаа явуулсаар байна даа

Дсн
Дсн

Үгүй нээрээ харамсмаар юм даа.Тэр Дарханы нэхий арьс ширний үйлдвэр нээх гээд л хөөцөлдөөд бсан хүнийг дэмжээчээ....Хичнээн жил хөөцөлдөөд л бгаан гэсэн дээ

Зочин
Зочин
Reply to  Дсн

Тэр чинь зүгээр л мөнгө цавчих нүх байхгүй юу. Хэзээ ч Монголчууд арьс ширээ боловсруулж ашиг олж чадахгүй. Харин тийм төслөөр да-лимдуулж мөнгө цавчиж л чадна.

Бодоо данзан
Бодоо данзан

Харамч малан монголчуудын арьс шир нь хог нүүрс нь үнс болоод орос хятадад эзлэгдэж колони болоод гарыхаа арьсыг зумартал шир зүлгэж нуруугаа цоортол нүүрс зөөж ураны далд уурхайд үхэж байхдаа эзэн нь байхдаа яаж эх орноо хорлож байснаа ойлгоноо..тэр үед олсон бүгдийг чинь харь булаан эзлэгчид авах болно

Зочин
Зочин

Арьс шир одоо хэн ч авахгүй өвөрмонголд ч. арьс ширээ бас хаяж байна. Нано арьс шир материал хямд гарсан. Ашигтай байсан хувийнхаа аль эрт үйлдвэр барих байсан. Ашиггүй л байхгүй юү.

Зочин
Зочин

МАН намаа дахин дахин сонгоорой. Тэгээд хужааг дэмжихийг нь хараад гайхаарай. Тэд засгийн газарт чиглэл өгдөг болсон бололтой. Бүх зүйл монгол хүний эсрэг байдаг өолжээ

Зочин
Зочин

Манан-г хараа. Түүхий эдийг Хятад руу гаргахгүй гэдэг ЗГ-н тогтоол гараад 13 жил болж байна. Түүнээс өмнө хонины нэхий 10,000₮, үхрийн шир 130,000₮, ямааны арьс 60,000₮, адууны шир 90,000₮ байсан юм шүү. 13 жилийн хугацаанд хог дээр хаягдсан арьс ширээ тооцоод а-лдагдсан боломжийн өртгийг гаргаад ирэх эдийн засагч байна уу? Хамгийн багадаа 6-7 их наяд төгрөг болох болов уу. Ийм хэмжээний орлогыг ма-лчид өнгөрсөн хугацаанд а-лджээ. Үүний та-лтай тэнцэх мөнгийг төсвөөс, татвар төлөгчдөөс зарлагадаж, Манан ма-лчдыг хуурч, эрхлүүлж ирсэн гээд бодохоор дэндүү гашуун байгаа биз!

Зочин
Зочин

Буянт малынхаа сайхан түүхий эдийг ингэж ч хаях гэж. Тэгээд урдаас арьс шир боловсруулсан нэхий эдлэл үнэтэй авах. Яана даа. Төрд гарсан хулгайчууд Монголыг үйлдвэргүй байлгах гаднынхны даалгавартай юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button