TikTok-ийг худалдан авах гэсэн чинээлэг хүмүүс байгаа гэж Трамп хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.06.29/ “Fox News” агентлагт ярилцлага өгөхдөө TikTok-ийг худалдан авах чинээлэг хүмүүс олсон гэжээ. Тэдгээр чинээлэг хүмүүс хэн болохыг хоёр долоо хоногийн дотор зарлана гэж Трамп хэлсэн юм. TikTok-ийг худалдахын тулд БНХАУ зөвшөөрөл өгөх шаардлагатай. Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин худалдааг зөвшөөрөх байх гэж бодож буйгаа Трамп илэрхийлжээ.
Энэ хавраас эхлэн TikTok-ийн АНУ дахь бизнесийг Америк хөрөнгө оруулагчид худалдан авах хэлэлцээ өрнөсөн. Гэвч Трамп БНХАУ-ын бараанд өндөр тариф ногдуулсны дараа Бээжин TikTok-ийг зарахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн юм. Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тус платформыг хориглохыг оролдсон ч одоо бол Америк хөрөнгө оруулагчдаар худалдан авахуулах хүсэлтэй байгаа.
2024 онд АНУ-ын эрх баригчид баталсан хууль TikTok-ийн толгой компани "ByteDance" тус платформын АНУ дахь бизнесийг энэ жилийн нэгдүгээр сарын 19 гэхэд худалдахгүй бол хориглоно гэж зааж өгсөн. Гэхдээ Трамп нэгдүгээр сарын 20-нд ажлаа хүлээн авсны дараа TikTok-ийг худалдах хугацааг гурван удаа сунгасан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.