Путин, Трамп нарын уулзалт Аляскын цэргийн баазад болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт Аляск муж улсын Анкориж хотын хойд хэсэгт орших "Эльмендорф-Ричардсон" цэргийн баазад болно гэж CNN суваг Цагаан ордон дахь хоёр эх сурвалжийн ярьснаас эш татан мэдээллээ.
Оросын удирдагчийг Америкийн цэргийн баазад хүлээн авахаас өөр хувилбар бий гэж Цагаан ордон үзэж байсан боловч зөвхөн “Эльмендорф-Ричардсон” цэргийн нэгдсэн бааз л түүхэн уулзалтыг зохион байгуулах шаардлагуудыг хангаж байна гэж телевизийн мэдээнд дурдсан байна. Уулзалтыг явуулах өөр газрыг сонгох боломж хязгаарлагдмал байгаа нь одоо Аляскт жуулчны улирал ид дундаа үргэлжилж байгаатай холбоотой аж.
Харин Орос, Америкийн удирдагчдын уулзалт 15-ны өдөр Аляскт болно гэдгийг Кремль ба Цагаан ордны төлөөлөгчид бямба гарагт шилжих шөнө мэдэгдсэн.
Ерөнхийлөгч В.Путиний туслах Ю.Ушаковын ярьснаар, Путин, Трамп нар Украины хямралыг энхийн замаар урт хугацаанд зохицуулах хувилбаруудыг хэлэлцэхэд гол анхаарлаа төвлөрүүлнэ. Мөн Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт болно гэдгийг зарласны дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский нутаг дэвсгэрийн асуудлаар буулт хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.