“Хоньчин Лхагваа гэх халтар банди өөрийгөө голоогүй шиг хөдөөний хүүхдүүд өөрийгөө бүү голоосой гэж бичлэгээ хийдэг”

Хоньчин Лхагваа нэрээрээ олон танигдсан ютүбер Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач, төрж өссөн нутаг усаараа хүн овоглодог шүү дээ
- Намайг Буяннэмэх овогтой Лхагвасүрэн гэдэг 20 настай Төв аймгийн Жаргалан сумынх. Манай аав Буяннэмэх гэж хүн бий. Хурдны морь уядаг уяач хүн. Энэ жилийн сумын наадмаар манай бага дүү морио унаж аав уяж их насны морь түрүүлгэсэн. Миний хувьд аав минь алдарт уяач. Манай ээжийг Мөнгөнчимэг гэдэг. Хөдөө төрж өссөн үхрээ саагаад л аж төрдөг хүмүүс бий. Манай гэр бүл зургуулаа, төрсөн эгч, хоёр дүүтэйгээ амьдардаг.Сумандаа бичлэгээ хийж, малаа малладаг, юүтүб дээр бичлэг байршуулаад долоон сар болж байна.
-Таныг хэдэн жилийн өмнөөс цахим орчинд бичлэг хийж эхэлснийг мэдэх юм байна. Анхны бичлэгийнхээ тухай, хэрхэн эхэлж байсан талаараа ярьвал
- Анх гэвэл 2013 оны хавар юүтүб дээр ах эгчээсээ гүйж байгаад, гадаад хүүхдийн влог бичлэгийг даган дуурайж хийж байсан. Анхны бичлэгээ хийж байхдаа бичлэг хийдэг хүн болно гэж огт боддоггүй байлаа. Хошин шогийн тоглолтууд, Жэки Чан жүжигчний тоглосон кино зурагтаар их үздэг байсан болоод ч тэр үү жүжигчин болно гэж төсөөлдөг байсан. 2017 оноос эхэлж Монголынхоо юүтүберүүдийг үзэж эхэлсэн. Тэд дундаас “Gremix” ахыг үзээд урам зориг орж, ютүбер болох хүсэлтэй болсон. Улмаар 2017 оноос олон төрлийн бичлэг хийж ютүб хаяг нээж, түүнийгээ олон удаа хаалгаж байсан. Богино бичлэг оруулдаг “Лхагваа студи” нэртэй пейж нээгээд, хэсэг хугацааны дараа цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд өнөө пейжээ зараад утас авч, ютүб дээр идэвхтэй бичлэг хийж эхэлсэн. Тэр юүтүбээрээ одоо хүртэл бичлэг хийж байна.
-Хөдөөдөө амьдрах уу, эсвэл хот суурин газар амьдаръя гэсэн бодол бий юу?
- Цэргээс халагдаж ирээд хоёр сарын хугацаанд хотод амьдарч үзсэн. Хоёрын сарын хугацаанд олон газар цагийн ажил хийсэн. Тэр хугацаанд олсон мөнгөө өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Айлд амьдрах, хотын стресс өөр бусад асуудлаас болоод хөдөөдөө малаа маллаж, бичлэгээ хийж амьдрах шийдвэр гаргасан.

-Өөрийнхөөрөө ямар нэгэн дүргүй, зохиолгүйгээр хөдөөгийн малчин айлын аж амьдралыг харуулдаг нь таны бичлэгийн онцлог байх. Та бичлэгийн санаа, төлөвлөгөө гэж гаргадаг уу?
- Надад найман жилийн бүтэлгүйтсэн туршлага бий. Манай улсад 100 мянгаас дээш дагагчтай 200 гаруй юүтүбер байгаа. Тэр 200 хүнийг би давтах ёсгүй. Хөдөөгийн амьдралыг харуулсан ютүбер байгаагүй. Дийлэнх нь гадаадын иргэд рүү чиглэсэн, англи хэл дээр бичлэг хийдэг, түүнийг нь хүүхдүүд үзээд сууж байгаа нь надад таалагдаагүй. Гадаад хэл дээр бичлэг үзэж хүмүүжихийн оронд монгол малчин айлын аж төрөх байдал, хөдөөгийн сайхныг яагаад үзэж болохгүй гэж бодсон. Дараа жилээс судалж байгаад ааруул хэрхэн хийх, морь яаж уях зэрэг бичлэгүүд хийх бодолтой байгаа. Анх өөрийгөө том далайд хаягдсан жараахай гэж боддог байсан бол надад байгаа асар их боломжийг олж хараад жижиг цөөрмийн аварга загас юм байна гэж бодсон.
-Олон нийтийн анхаарлын төвд орох, шүүмжлэл хэр зэрэг ирж байна вэ? Тантай зураг авхуулах хүүхдүүд оочирлоод хүлээгээд зогсож байна шүү дээ
- Зарим хүмүүс намайг “Чи битгий хөөрөөд бай, өөрийгөө юу гэж бодсон юм, хэмжээндээ бай” гэх зэрэг шүүмжлэл ирдэг. Тэдэнд хандаж хэлэхэд би “хоньчин Лхагваа” хэвээрээ, малаа маллаад бичлэгээ хийгээд амьдарч байна. гадаа гудамжинд явах, автобуснаасаа хоцрох гээд яарч явах үед “ахаа зургаа авхуулъя, манай ээж гар утас авчирч байгаа түр хүлээгээрэй” гэх хооронд автобуснаасаа хоцорч, дараагийн автобусыг хүлээх шаардлага гардаг. Дээрх шалтгаанаас болж зарим тохиолдолд татгалзах үйлдэл үзүүлэхээр их зантай гэх нэр авдаг нь харамсалтай. Их зантай болох, биеэ тоох, асуудал үүсгэх зэрэг нь хувь хүн миний асуудал атал хүмүүс хэтэрхий өөрийнхөөрөө байлгах гээд байдаг нь тухгүй. Намайг муулдаг үздэг хүмүүст хандаж хэлэхэд намайг муулах биш өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдар гэж хэлмээр байна.

-Та яриандаа өөрийн пейж хаягийг зарсан гэж ярьсан. Цэргийн алба хааж ирээд бичлэг хийх сонирхлоо хаяалгүй, шинээр юүтүб нээж эхнээс нь эхэлсэн байх нь
- Дахиад бүгдийг эхнээс нь эхлэхэд ойр дотнынхон “яаж буцаад 60 мянган дагагчтай болох юм” гэж их хэлсэн. Пейжээ зарж, юүтүб дээр бичлэг хийх утас авч золиос их гаргасан учир бичлэгтэй шаргуу,нямбай хандсан. Дагагчаа багадаа 100 мянга хүргэх зорилго тавьсан.
-Бичлэг хийх, ютүбер болохыг тань гэр бүлийнхэн хэр дэмждэг вэ?
-Мэдээж дэмжинэ. Өөрсдийн чадах чинээгээрээ дэмжиж, өөрийнхөө дуртай чаддаг юмыг л хий гэдэг. Миний бичлэгийн доор нэг сэтгэгдэл байсан нь “хоньчин Лхагваагийнх буудал боллоо” гэсэн сэтгэгдэл байсан. Зун сүлжээгүй гэртээ байж байсан чинь намайг үздэг хүүхдүүд амарч яваад нутгийн малчдаас манай гэрийг заалгаж сураглаад ээж ааваасаа заавал уулзана гэж гуйгаад ирсэн тохиолдол зөндөө их гарсан.
-Хоньчин Лхагваатай зургаа авхуулах гээд хөдөө гэрийг нь сураглаад ирэх үнэнч үзэгчдийнхээ өмнө та их хариуцлагатай зөв үлгэр болох хариуцлага ирэхээс айдаг уу?
-“Асар их хүч, асар их хариуцлагыг дагуулдаг” гэх Марвелийн хүн аалзны хэлсэн алдартай эшлэл байдаг. Тиймээс өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Гэхдээ хоньчин Лхавгаа, иргэн Лхагвасүрэн хоёр өөр хүмүүс. Зарим хүмүүс нийгмийн харилцаанд хоньчин Лхавгаа гэдгээр нь байлгахыг хүсээд байдаг. Эцэстээ Лхагвасүрэн бол мөрөөдлийнхөө төлөө, дурсамж бүтээхээр хичээж байгаа хүн. Нэг өдөр “Хороололд” гудамжаар алхаж байтал нэг эгч таараад “Хоньчин Лхагваа манай хүүхдүүдэд ээжийнхээ үгэнд ороорой гээд хэлээд өг миний үгэнд орохгүй байна, чиний үгэнд орно” гэж хэлж байсан. Техник өндөр хөгжсөн энэ үед юүтүберүүд хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа. Тиймээс өндөр хариуцлага зайлшгүй шаардана.
-Таныг олон нийтийн анхаарлы төвд оруулж ирсэн зүйл бол хоньчин Лхавгаагийн сүлд дуу байх. Энэ дуу бүтсэн тухай яриач
-Юүтүб хуудастай болоод “Gremix” ах шиг өөрийн гэсэн сүлд дуутай болох ёстой юм байна гэж шийдээд үгээ бичээд, аяын олоод туршаад үзье гэж бодоод хийсэн. Юүтүб хуудсандаа байршуулаад 16 хоногийн дараа 30 мянга байсан дагагч 100 мянга болсон. Одоо юүтүб дээр 2.5 сая үзэлттэй. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр хандаж бичлэг огт хийдэггүй. Энэ хандалт авсан юм чинь ийм юм хийх ёстой гэж өөрийгөө хайрцаглаж болохгүй санагддаг.
-Одоогоор ютүб дээр хэдэн бичлэг, хэдэн дагагчтай байгаа вэ?
-176 бичлэг, 176 мянган дагагчтай. Албан ёсны пейж хуудас байхгүй. Миний нэрээр өөр бусад хүмүүсийн нээсэн пейжүүд 10, 20 мянган дагагчтай юм билээ. Одоогоор бол ютүбээс өөр зүйл хийе гэсэн бодолгүй байгаа.
-Саяхан болсон “TRIPLE X MUSIC FESTIVAL” дуу хөгжмийн тоглолтонд та оролцож сүлд дуугаа дуулсан. Олон нийт зарим нь дэмжсэн, зарим нь шүүмжилсэн байсан
- Зохион байгуулагчдын хувь чат руу хоньчин Лхагваагаа хасчих гэсэн 1000 чат ирсэн. Зохион байгуулагчид надад итгэл үзүүлээд урьсан учир надад тэр 1000 чат огт хамаагүй. Хонь хариулаад явж байсан надад дахиад олдохгүй том боломж шүү дээ. Тайзан дээр гарахын өмнө маш их сандарсан ч тайзан дээр гарахад бүгдийг мартсан.

-Б.Лхагвасүрэн шүүмжлэлийг хэр зэрэг даадаг вэ?
- Шүүмжлэл бол хүлээж авна. Гэхдээ хөдөөнийх байж хотын хип хоп дуу сонслоо, төв цэнгэлдэхэд дууллаа, зүгээр зохиолын дуугаа сонс гэх доромжлол их ирдэг. Сүүлд хөдөө сүлжээгүй байж байгаад, сүлжээ ороод “MongolZ”-ыг түрүүлснийг мэдээд пост оруултал “чи битгий пялдагна” гэх мэтийн дайралтууд ирдэг. Хөдөөнийх гэдгээр минь доромжилж, ялгавралах хандлагтай байдаг. Хоньчин Лхавгаа гэх халтар баньд өөрийгөө голоогүй шиг өөр бусад над шиг хөдөө байгаа хүүхдүүд өөрийгөө бүү голоосой гэсэндээ бичлэгээ үргэлж хийнэ. Бусдын шүүмжлэл хамаагүй.
-Таны хувьд их сургуульд сурах, жүжигчин болох багийн мөрөөдлөө биелүүлэх бодол бий юу?
-Сүүлийн хэдэн жилдээ хотод амьдрах сурах бодол алга. Аав маань саяхан тархины хоргүй хавдарын хагалгаанд орсон, хөдөө малаа маллах шаардлагатай байгаа. Тэгэхээр хөдөөнөө амьдарч бичлэгээ хийгээд амьдрана. Энэ зун малаа хариулж чадсангүй, хотод янз бүрийн ажил гараад.
-Хоньчин Лхагваагийн ойрын зорилго юу байна?
-Ойрын таван жилд 100 мянган дагагчтай болох байсан ч сүлд дуу маань зорилгыг минь хурдлуулж өгсөн. Дараагийн зорилго гэвэл “Youtube Champ” оролцох.- Хөдөөний хүүхэд малчны хотноос ютүбер болоод, амжилттай явж болдог юм байна гэдгийг орон нутгийн хүүхдүүдэд харуулах зорилготой байгаа.
-Ютүб бичлэгээ яаж бичиж, эвлүүлдэг вэ, дийлэнх бичлэгтэй монгол цамц өмссөн харагддаг?
- Утсаараа бүх бичлэгээ хийгээд, утсан дээрээ эвлүүлгээ хийдэг. Тухайн цамцыг ээж маань хийж өгсөн. Бичлэг хийж эхлэхдээ ээжээсээ цамц оёод өг гэж оёулсан нандин хувцас минь болохоор өмсдөг.
-Ярилцлагынхаа төгсгөлийг зочиндоо үлдээе гэж бодож байна. Та манай уншигчдад хоньчин Лхагваагийн үзэгчдэд хандаж үг хэлэх байх-
-Өөрийгөө битгий голоорой. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байгаарай гэж хэлмээр байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huurtsun ps#a unless