Bad Bunny: Өсөж хөгжихөөр өөрийн хүслээр эх орноосоо явах, ямар ч аргагүй болоод явах хоёр тэс өөр зүйл
Пуэрто Рикогоос гаралтай алдартай рэппер Bad Bunny энэ жилийн Грэммигээс хамгийн хүндэт шагнал болох шилдэг цомгийг хүртсэн. Мөн тэрбээр Super Bowl-ын хагас цагийн тоглолт дээр дуулсан билээ. Түүний хагас цагийн тоглолт нь Super Bowl-ын түүхэн дэх хамгийн их үзэлт авсан тоглолт болсон юм. Bad Bunny 2025 оны аравдугаар сард Пуэрто Рико гаралтай рэппер Residente-тэй ярилцлага хийснийг орчуулж хүргэе.
Residente: Тантай ярилцаж байгаадаа үнэхээр баяртай байна. Хамгийн түрүүнд, энэ тоглолтынхоо (Арваннэгдүгээр сараас Bad Bunny дэлхийн аялан тоглолтоо эхлүүлсэн) ерөнхий санааг хэрхэн гаргасан талаар асууя. Тэр уул, жижигхэн байшин, фламбоян мод, куатро хөгжимчний хэсэг гэх мэт энэ бүх санаа хаанаас гарсан бэ?
Bad Bunny: Би бага зэрэг замбараагүй ажилладаг зуршилтай. Гэхдээ надад бол болдог юм. Ямар нэгэн ажлыг би нэг санаанаас эхлүүлдэг, тэгээд ажиллах явцад өөр нэмэлт санаанууд гарч ирж, яваандаа бүх зүйл хоорондоо холбогддог. Энэ тоглолтын хувьд хамгийн түрүүнд би уул байна гэж төсөөлсөн. Колизейн голд жинхэнэ уул байрлуулна гэж мөрөөддөг байсан юм. Тоглолтод дэлгэц хэрэгтэй байдаг болохоор уулан дээр самбар тавихаар шийдсэн. Байгаль дэлхийг технологи сүйрүүлж байгааг нэг бодлын ёжилж байгаа явдал юм. Тэгээд уулан дээр ажиллаж байсан багийнхан маань фламбоян мод, гадилын мод тавих санаанууд нэмсэн. Миний санаанд ороогүй гоё санаануудаар хүмүүс намайг гайхшируулахад би дуртай. Тэр жижиг байшин байрлуулах санаа дараа нь гарсан юм. Тоглолтын VIP хэсгүүд заримдаа хэт алба, нэг л тухгүй байдаг шүү дээ. Би тийм байдлыг өөрчилж, илүү хөгжилтэй, амьд болгохыг хүссэн. Тэгээд VIP хэсгийг "Б тайз" буюу цомгийнхоо нэрэмжит байшин болгосон. Гал тогоо, буйдан гээд бүх зүйл байгаа. Яг л гэртээ хийдэг үдэшлэг шиг. Хүмүүс тэнд суугаад тоглолтын нэг хэсэг болж, би ч тэдэнтэй хамт байх боломжтой болсон.
Residente: Хэрвээ тэр байшин чинь мөрөөдлийн үдэшлэг байсан бол, авчрахыг хүссэн ч ирж чадаагүй хүн бий юу?
Bad Bunny: Намайг бага байхад арын хашаанд байнга үдэшлэг болдог байсан. Зул сар, төрсөн өдөр, гэр бүлийн уулзалт гээд л. Тэр байшингийн уур амьсгал яг л тийм байсан. Боксчин Тито Тринидад ирэхэд яг л гэр бүлээрээ баяраа тэмдэглэж байгаа юм шиг санагдсан. Тито аав, хүүхдүүд, ах дүү нараа гээд бүгдийг нь дагуулаад ирсэн. Яг л гэр бүлийн цугларалт шиг. Өөр хэнийг байлгахыг хүссэн бэ гэж үү? Тэго Кальдероныг л тэнд байлгахыг хамгийн их хүссэн дээ. Дуулах албагүй, зүгээр л тэр уур амьсгалыг мэдрээд сууж байвал гоё. Бас Drake байсан бол гоё байх байлаа. Үнэндээ хэн ирэхийг би мэдэхгүй байсан юм. Заримдаа орж ирээд өө тэр ирсэн юм уу гээд гайхдаг. Тоглолтыг үзэж байгаа хүн бүр шоу гэдгийг мартаад, зүгээр л тухайн мөчийг таашааж байгаа нь надад таалагдсан.
Residente: "Lo Que Le Pasó a Hawaii" дуугаа дуулж дуусахад дэлгэцэн дээр "Би эндээс явмааргүй байна" гэсэн бичиг гардаг. Пуэрто Рико муж оршин суугчдаа нүүн суурьшихаас сэргийлж, авч үлдэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Bad Bunny: Миний дуунууд урт нэртэй байдаг нь утга учиртай. "Би эндээс явмааргүй байна" гэдэг нь Пуэрто Рикогоос явмааргүй, тайзнаасаа буумааргүй, гэрээсээ холдмооргүй байгааг илэрхийлж байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс энд ирдэг. АНУ-д амьдардаг Латин Америк гаралтай хүмүүс, эх орноо орхихоос өөр аргагүй болсон хүмүүс. Энэ өгүүлбэр эх орноо орхисон хүмүүс болон орхин явахыг хүсэхгүй байгаа хүмүүсийн сэтгэлд өрдөг.

Residente: Явах, эргэж ирэх гэдэг ойлголт маш сонирхолтой. Зөвхөн явах тухай биш. Аялах, өсөж хөгжих, тэгээд эргэж ирээд эх орондоо нөлөөлөх тухай.
Bad Bunny: Тийм ээ, яг үнэн. Өсөж хөгжихөөр өөрийн хүслээр эх орноосоо явах, ямар ч аргагүй болоод явах хоёр тэс өөр зүйл.
Residentde: Энэ нь бас "Boricua en la Luna" (Сар дээрх Пуэрто-Рико хүн нэртэй дуу. Пуэрто Рикогоо санаж байгаа сэтгэлийг өгүүлсэн Хуан Антонио Корретьерийн шүлгийг Рой Браун дуу болгож байсан юм) гэсэн ойлголттой холбогдож байна. Бие холдсон ч гэсэн сэтгэл нь тэндээ байж, уламжлалаа хадгалж явдаг хүмүүсийн тухай.
Bad Bunny: Тийм ээ. Тоглолтын хамгийн эхний дүрс бичлэг дээр Якобо "Хаана ч байсан, энэ бол миний гэр. Хаашаа ч явсан би Пуэрто-Рико хүн хэвээрээ байна" гэж хэлдэг. Яг тэр хэсгээс л "Би эндээс явмааргүй байна" гэх үгний гүн утга илүү тодорхой болж эхэлнэ.
Residente: Хүмүүс таны энэ тоглолтууд Пуэрто-Рикогийн эдийн засгийг дэмжсэн гэж ярьдаг. Гэхдээ мөнгөнөөс илүүтэйгээр, таны бүтээсэн соёлын үнэ цэнийг юугаар ч хэмжишгүй. Энэхүү тоглолт Пуэрто Рико гэх арлын маань ирээдүйд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
Bad Bunny: Соёлын нөлөө бол худалдаж авч эсвэл хулгайлж болдог зүйл биш. Надад хамгийн их урам зориг өгдөг зүйл бол энэ. Би бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг, соёлын нөлөөлөл бол үүний үр дүнд. Тоглолт дээр бүх насны хүмүүсийг харах гайхалтай байсан. Залуус, ахмадууд, бүр 80, 90-тэй хүмүүс хүртэл байсан. Тэд гоёж ирээд, өөрийгөө залуу үе руугаа буцсан мэт мэдэрч, эх орноороо бахархаж байсан. Энэ бол миний суулгасан үр. Энэ мэдрэмж хүмүүсийн зүрх сэтгэлд үүрд үлдэнэ.
Residente: Тоглолтод дуулах уран бүтээлүүд дунд тань сэтгэл хөдлөлөө барихад хэцүү болгодог дуу бий юу?
Bad Bunny: Мэдээж байгаа. Тухайн өдрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээс л шалтгаална. Хамгийн анх "La Mudanza" дуугаа дуулахад хэцүү байсан. Яагаад гэвэл “La Mudanza” бол эцэг эхийн тухай дуу. Ээж маань үзэгчдийн дунд суугааг мэдэж байгаа болохоор сэтгэл хөдлөлөө барихад хэцүү байсан. Тэр дууны клип дээр өвөөтэйгөө даалуу тоглож байгаа тухай хэсэг гарахад бас сэтгэл хөдөлдөг. "Lo Que Le Pasó a Hawaii" ч бас маш их сэтгэл хөдөлгөдөг дуу.
Residente: Тэр үнэхээр онцгой дуу шүү. Одоо жүжиглэх урлагийн талаар ярилцъя. Та ч бас кино салбарт орж ирсэн. Миний хувьд жүжиглэж эхэлснээр би тайзан дээр илүү үнэн байж сурсан.
Bad Bunny: Жүжиглэх дуулах хоёр бол тэс өөр зүйл. Өмнө нь хэлж байсанчлан би жүжигчний карьертаа маш болгоомжтой хандаж байгаа. Энэ мэргэжлийг маш их хүндэлдэг, тиймээс бага багаар суралцаж, туршлага хуримтлуулж байна. Би жүжиглэх техникийг өөрийнхөө төслүүдэд ч ашигладаг. Бас чөлөөт бөхийн элементүүдийг карьерынхаа туршид ашиглаж ирсэн. Одоогоор жүжиглэх нь надад надад маш их таалагдаж байна. Би инээдмийн жанрын кинонд дуртай, тийм болохоор "Happy Gilmore 2" шиг хөнгөхөн, хөгжилтэй кинонд тоглох нь миний мөрөөдөл байсан. Харин "Caught Stealing" бол тэс өөр уур амьсгалтай кино.

Residente: Та зураг авалтын талбай дээр авсан хэсгээ эргэж үздэг үү, эсвэл зүгээр л явцад нь итгээд орхичихдог уу?
Bad Bunny: Би өөрийнхөө дууны клипийг хийхдээ бол бичлэг болгоныг эргэж хардаг. Харин киноны хувьд арай өөр. "Happy Gilmore" дээр Адам Сэндлер надад итгэж, яаж жүжиглэж байгаа гэдгээ өөрийн нүдээр хараад дүгнэх боломж олгосон. Сар гаруй хугацаанд хамтарч ажилласны дараа л би өөрийнхөө тоглосон хэсгийг эргэж харах хэмжээний итгэлтэй болсон. Харин Даррен Аронофскигийн хувьд, би ямар нэг зүйл буруу хийвэл тэр надад шууд хэлнэ гэдгийг мэдэж байсан юм. Заримдаа тэр надад авсан хэсгийг үзүүлээд "Энэ үнэхээр сайн боллоо" гэхэд нь би маш их урам авдаг байлаа. Намайг киног нь баллахыг хэзээ ч зөвшөөрөхгүй нь тодорхой байсан болохоор тэр л дээ.
Residente: Тоглолтын зочид үнэхээр гэнэтийн байсан. Луис Фонси ирээд "Lo Que Le Pasó a Hawaii"-г дуулна гэж хэн ч төсөөлөөгүй байх. Таны жанрын хөгжмөөс тэс ондоо дуучин шүү дээ.
Bad Bunny: Анхнаасаа л тийм төлөвлөгөөтэй байсан юм. Хүмүүс ямар ч гарал үүсэлтэй байсан хамаагүй, энэ тоглолтын нэг хэсэг гэдгээ мэдрээсэй гэж хүссэн. Ямар хөгжим сонирхдог, улс төрийн үзэл бодол чинь юу байх нь хамаагүй. Энэ тоглолт бол хүн бүрд зориулагдсан шоу. Хүмүүс дараа нь "Би тэр тоглолтыг үзсэн" гэж бахархалтайгаар яриасай гэж хүссэн. Тоглолтын ерөнхий санаа нь бие биеэ хүндэлж хайрлах, бас эх орон, соёлоо хайрлаж хамгаалах тухай байсан юм. Хүн болгонд нээлттэй тоглолт.
Residente: Пуэрто Рикод Зул сарын баяр тэмдэглэж байгаа юм шиг л санагдсан шүү. Дулаахан, хамтаараа нэгдсэн уур амьсгалтай.
Bad Bunny: Яг тийм. Би өмнө нь ч хэлж байсан, одоо ч бас хэлнэ. Энэ тоглолт шиг би хэзээ ч мэдэрч байсангүй. Миний санаанд хамгийн түрүүнд "эв найрамдал" гэдэг үг орж ирсэн. 30 гаруй тоглолт хийхэд хүмүүс хоорондоо муудалцаж, хэрэлдэж байгаа ганц ч бичлэг цахим орчинд тархаагүй. Бүгд л аз жаргалтай, бүжиглэж, бие биедээ хайр түгээж байсан.
Residente: Энэ нь та хөгжим болон уран бүтээлчийн хувьд хэрхэн өсөж хөгжсөнтэй холбоотой байх. Та яг одоо карьерынхаа оргил үед байна. Бүтээлч байдлын хувьд, та энэ амжилтаа хэрхэн давна гэж бодож байна?
Bad Bunny: Би дараа нь юу хийх вэ гэж бодох их дуртай. Илүү өндөрлөгт хүрэх гэж улайрдаггүй. Зүгээр л чин сэтгэлээсээ бүтээж, тэр бүтээлийг амьдрал, ертөнц, хүмүүс өөрсдөө үнэлэг гээд орхидог. Саяхан би хүмүүстэй уран бүтээлчид амжилтад хүрж, хүссэн бүхнээ авсныхаа дараа яаж сэтгэлээр унаж, гацдаг талаар ярилцаж байсан юм. Тэгэхэд дөнгөж дуулж эхлэх үедээ ээжтэй ярилцаж байсан маань санаанд орж ирсэн. Би ээжид "Би уналтад орчихвол яана аа" гэхэд "Тэгж битгий бод. Зүгээр л баяр баясал мэдэр" гэж хэлж билээ. Хамгийн анхны дуу маань хит болоход л би “За ингээд боллоо доо” гэж бодсон. Тэр цагаас хойш ийм том амжилтад хүрсэн нь миний хувьд үнэхээр санаанд оромгүй зүйл болсон. "Un Verano Sin Ti" цомгоо цацахдаа хит болно гэдгийг мэдэж байсан болохоор би нэг шийдвэр гаргасан юм. Рекорд эвдэх эсвэл нэгдүгээрт орох нь надад сонин биш байсан. Зүгээр л Пуэрто Рикодоо зориулж хөгжим хийхийг хүссэн. Энэ цомог надад өөрийнхөө алсын хараанд итгэж, чин сэтгэлээсээ дуулах ёстойг дахин сануулсан юм.
Residente: Бичих, зохиох, найруулах, тоглох гэх мэт байдлаар хүн бүтээлч байхад тэр дотоод гал хэзээ ч унтардаггүй. Таны бүтээн босгосон зүйл үнэхээр онцгой байлаа. Таны бүтээсэн зүйлийг хараад урам зориг авч, бас Пуэрто-Рико хүн гэдгээрээ бахархах мэдрэмж авдаг.
Bad Bunny: Баярлалаа, найз минь. Танаас ийм үг сонсох миний хувьд үнэхээр чухал шүү. Дон Франциско (алдартай хөтлөгч) болгоомжтой байхгүй бол болохоо байж дээ, та ч үнэхээр сайн ярилцагч юм.
Эх сурвалж: Billboard















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оскар, Грэмми бас л өөрчлөгдөх байлгүй дээ