Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дээд удирдагчийг АНУ, Израил хөнөөснөөр Путин томоохон холбоотноо алдлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн чухал холбоотон болох Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг алдлаа. Өнгөрсөн оны зургаадугаар сард өрнөсөн Иран, Израилын дайны үеэр Али амь үрэгдсэн тохиолдол хэрхэх вэ гэсэн асуулт зөвхөн онолын чанартай байв.

Хоёр улс дайтаж байх үед Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт дээр нэгэн сэтгүүлч Путинээс Али амь үрэгдсэн тохиолдолд ямар алхам хийх талаар асуусан. Путин үүнд "Би энэ талаар яримааргүй байна. Бүр хэлэлцэхийг ч хүсэхгүй байна" гэж хариулсан юм.

Гэвч бямба гарагт /2026.02.28/ Путины бодохыг ч хүсээгүй тэр аймшигтай зүйл бодит байдал боллоо. АНУ болон Израил цэргийн байгууламжуудад хүчтэй цохилт өгч, Али болон Ираны хэд хэдэн эрх баригчийг хөнөөв. Цохилтод Али амь үрэгдсэн эсэх нь эхэндээ тодорхойгүй байсан юм. Иран түүнийг байлдааны талбарыг удирдаж байгаа гэж мэдээлэл хийсэн ч төд удалгүй Али амьсгал хураасныг зарлаж, 40 хоногийн гашуудал зарласан.

Иран бол олон улсын тавцан дахь ОХУ-ын хамгийн том холбоотнуудын нэг. Энэ дайн Иран, ОХУ-ын харилцаанд маш их нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Хамэнэй нас барснаар Ираны барууныг эсэргүүцдэг засаг тогтворгүй байдалд орлоо.

Олон улс дахь Путиний холбоотнууд түлхэгдэн унаж байсан хэд хэдэн тохиолдол бий. Тэр болгонд Путин нэн даруй тайлбар хийдэггүй байв. Гэвч энэ удаад тэр ням гарагт буюу цохилтоос ердөө нэг хоногийн дараа мэдэгдэл гаргалаа. Энэ нь ОХУ-ын хувьд уг явдал хэр чухал ач холбогдолтой болохыг харуулж байна. Путин Алиг хөнөөснийг буруушааж "Хүн төрөлхтний ёс суртахуун болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл" гэжээ.

Тэрбээр нэмж "Манай үндэстэн Аяатолла Али Хамэнэйг Орос-Ираны найрсаг харилцааг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн гэж дурсах болно. Тэрбээр хоёр орны харилцааг стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн" гэсэн юм.

Зургийн эх сурвалж: Politico

ОХУ-ын Гадаад хэргийн яам мөн АНУ болон Израилыг ширүүн шүүмжилжээ. Иранд цохилт өгснөөрөө олон улсын хуулийг зөрчиж, хүссэнээр нь байгаагүй улсыг дарангуйлах гэж оролдож байна гэж буруутгасан байна.

Орос-Ираны харилцааг судалдаг Никита Смагин хэлэхдээ “Путин үүнийг хүндээр хүлээж авч байгаа нь гарцаагүй” хэмээжээ. Гэхдээ Москва мэдэгдэл хийхээс өөр арга хэмжээ авахгүй байх гэж тэр нэмж хэлсэн байна. Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдлыг Смагин 2011 онд Ливийн Муаммар Каддафи, 2006 онд Иракийн Саддам Хуссейн амь үрэгдсэн явдалтай зүйрлэжээ.

Түүний хэлснээр одоо Кремлийн гол санаа зовоож байгаа асуудал бол Иранд оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалт нь аж. Москва ОХУ болон Ираныг холбосон төмөр зам болон Ираны өмнөд хэсэгт барих 25 тэрбум долларын цөмийн реактор зэрэг томоохон төслүүдэд хөрөнгө оруулсан. Мөн ОХУ Ираны газрын тос, хийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байсан юм.

Смагин "ОХУ Иранд маш их мөнгө, хүч зарцуулсан. Хэрэв Иранд засаг солигдож, тогтворгүй байдал үүсвэл эдгээр бүх төслүүд зогсох аюултай" гэж хэлсэн байна. Дайн сунжирч, Иран улс төрийн хувьд тогтворгүй болохоос гадна өөр нэг том эрсдэл байгаа аж бий. Ираны дараагийн засгийн газар ОХУ-д ээлтэй биш байж магадгүй байна.

Тэр нэмж хэлэхдээ, Ойрх дорнодод өрнөж буй зүйл Оросын ашиг сонирхолд аюул учруулна гэжээ. Дэлхийн том гүрнүүд дарангуйлагчдад хандах хандлага өөрчлөгдөж байгаа нь ОХУ-ын хувьд сайны дохио биш гэж тэр хэлсэн юм.

Жорж Вашингтоны их сургуулийн профессор Жулиан Уоллер нэгдүгээр сард “The Moscow Times” сонинд хэлэхдээ, хэрвээ ОХУ Ираны дэглэмийг хамгаалж чадахгүй бол Иран дахь Оросыг эсэргүүцэгч тал илүү хүчирхэгжиж болно гэж анхааруулж байсан юм. Нэгдүгээр сард Путиний өөр нэгэн томоохон холбоотон болох Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро америкчуудад баригдсан билээ.

Мөн 2024 оны сүүлээр Сирийн дарангуйлагч Башар аль-Ассад түлхэгдэн бууж, Москва руу зугтсан. Тэр цагаас хойш Вашингтон Сиритэй харилцаагаа ойртуулж, Венесуэлийн эрх баригчдад ихээхэн нөлөөлөл үзүүлэх болсон.

Карнеги Орос-Евразийн төвийн ахлах судлаач Александр Баунов олон нийтийн сүлжээнд "Владимир Путин хүнд байдалд орох болно" гэж бичсэн байна. Тэр нэмж "Путин сүүлийн хоёр сарын хугацаанд холбоотон дарангуйлагчаа хоёр ч удаа аварч чадсангүй. Тэр хоёр тохиолдлын хэргийн эзэн нь түүний найз Трамп байлаа" гэжээ.

Шинжээч Ханна Нотте "Ираны дараагийн удирдагчид барууны орнуудтай харилцаагаа сайжруулахыг хичээвэл ОХУ-ын ашиг сонирхол ихээхэн хохирно. ОХУ ийм зүйл болох вий гэж эртнээс эмээж байсан" гэж бичжээ.

Гэхдээ Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдал богино хугацаандаа ОХУ-д ашигтай тал ч бий.

Ормузын хоолой хаагдвал дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өснө. Энэ хоолойгоор дэлхийн нийт газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн дөрөвний нэг нь дамждаг. Газрын тосны үнэ өсөх нь Оросын эдийн засагт сайнаар нөлөөлнө. Мөн ОХУ БНХАУ руу гаргах газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлж, Ираны орон зайг эзлэх боломжтой. Смагин "Богино хугацаанд Орос улс үүнээс их ашиг олж магадгүй" гэж хэлжээ.

Харин Украинд болж буй дайнд энэ бүхэн төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. Дайны эхэн үед ОХУ Иранаас Шахед загварын дроныг олон тоогоор худалдан авч байсан. Харин одоо ОХУ Ираны Шахед дронуудыг дотооддоо үйлдвэрлэдэг болсон юм. Мөн сум хэрэгслийн дотоодын үйлдвэрлэл нь нэмэгдсэн тул зэвсгийн хувьд импортоос хамааралтай байдал нь багассан байна.

Гадаад бодлого судлаач  Федор Лукьянов уг явдал ОХУ-д хэрхэн нөлөөлөх талаар ярихаас татгалзжээ. Харин энэ явдал Ойрх дорнодод маш том үймээн самуун үүсгэнэ гэсэн байна. Мөргөлдөөн хөрш зэргэлдээх орнуудад нөлөөлж, хэнд ч ашиггүй байх болно гэдгийг тэр анхааруулсан юм.

Эх сурвалж: France24, The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Орос гэхээс илүү Венесуэль Иран Америкт ээлтэй болвол Хятадад нэлээд муу мэдээ болно

Зочин
Зочин

Орос найз холбоотнуудаа алдаад байвал манайд л сайн биз! Манай улныхан хямд бензинтэй!

Холбоотой мэдээ

Back to top button