Ираны ерөнхийлөгч хөрш орнуудаасаа уучлал гуйж, зөвхөн цохилт өгсөн тохиолдолд л хариу барина хэмээв
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан бямба гарагт /2026.03.07/ мэдэгдэл хийхдээ цохилт өгсөн явдалдаа хөрш орнуудаасаа уучлал гуйсан байна. Тэрбээр “Цохилт өгсөн хөрш орнуудаасаа уучлал гуйх нь шаардлагатай гэж би үзэж байна. Эдгээр орнууд руу довтлох зорилго бидэнд байхгүй” гэжээ. Мөн хөрш орнуудын агаарын хил болон АНУ-ын баазыг ашиглан халдлага үйлдэхгүй бол Иран цохилт өгөхгүй гэж тэр хэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүний хэлсэн үгийг бууж өгч байгаа явдал гэж мэдэгджээ. Масуд ингэж хэлсэн нь хэлэлцээ хийхэд зориулсан алхам байсан эсвэл зэвсгийн нөөцийн улмаас хийж буй цэргийн алхам эсэх нь тодорхойгүй байна. Ираны Хувьсгалт гвардын алба мэдэгдэл хийхдээ ерөнхийлөгчийн тушаалын дагуу хөрш орнуудад цохилт өгөөгүй гэжээ. Гэхдээ АНУ-ын цэргийн баазууд, Израилын дэглэмийг хуурай газар, далай, агаарт эсэргүүцэн цохилт өгнө хэмээсэн юм. Үүнээс харахад Ираны эрх баригчид дунд үзэл бодлын зөрчил үүсээд байгаа бололтой. Ираны Гадаад хэргийн яам Масудын хэлсэн зүйлийг баталсан үг хэллэгтэй мэдэгдэл гаргаагүй байна. Тус яам “Улсаа хамгаалах ажиллагаа нь түрэмгий үйлдлийн эх үүсвэр болон тийм зорилгод үйлчилдэг бай, байгууламжийн эсрэг явагдаж байгаа” гэжээ.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ираны ерөнхийлөгч эрх мэдэл байхгүй шүү дээ. Цаана нэг бодлого явж байгаа байх.