Трамп Ормузын хоолойн асуудлыг холбоотнууд нь шийдэг хэмээн хаяж болно гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойн асуудал дээр ихэд бухимдах болсон. Тэр нэг бол тусламж хэрэггүй хэмээж үгүй бол холбоотнуудаа туслахыг шаардаж, энэ хоёр байр суурийн хооронд хэд хэдэн удаа дэвхэцээд байгаа. Хамгийн сүүлд тэр мягмар гарагт /2026.03.17/ тусламж хэрэггүй, хэзээ ч хэрэгтэй байгаагүй гэж мэдэгдсэн. Тэгвэл лхагва гарагт /2026.03.18/ Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ, Ормузын хоолойн асуудлыг холбоотнууд нь шийдэг хэмээн АНУ хаяж болно гэж сүрдүүлжээ.
Тодруулбал тэр “Ираны террорист улсын үлдсэн хэсгийг нь зүйл дуусгаад Ормузын хоолойг ашигладаг орнуудад нь хамгаалах хариуцлагыг хүлээлгэвэл юу болох бол гэж би гайхдаг. Бид Ормузын хоолойг ашигладаггүй. Хэрвээ тэгвэл хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа холбоотнууд маш хурдан хөдөлнө дөө” гэсэн байна. Үүнээс харвал Трамп тойруу байдлаар тусламж үзүүлэхийг дахин шаардаж байгаа бололтой.
Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг учир олон улсын эрчим хүчний салбарын хувьд хамгийн чухал цэгүүдийн нэг юм. АНУ Израилын хүсэлтээр Ираныг хамтран бөмбөгдөж эхлүүлсэн дайны улмаас Ормузын хоолой хаагдаж дэлхий даяар газрын тос, байгалийн хий, бордооны үнэ өсөөд байгаа билээ. Энэ дайныг АНУ Израилын хүсэл, шахалт, лоббигоор хийсэн гэдгийг АНУ-ын Үндэсний терроризмын эсрэг төвийн дарга Жо Кент ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө гэнэт өгөхдөө мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Korea Times














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шамбарам Трамп