Азийн орнууд хямралыг давахын тулд цар тахлын үеийн хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна
Ираны дайнаас үүдэлтэй үүсээд буй дэлхийн эрчим хүчний хямралтай тэмцэхийн тулд Азийн орнууд цар тахлын үед авч байсантай ижил бодлогууд хэрэгжүүлэх талаар авч үзэж эхэллээ. Тодруулбал гэрээсээ ажиллах, мөнгөн тэтгэмж олгох гэх мэт арга арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж магадгүй байна.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хоёр Иранд цохилт өгч дайн эхлүүлсний улмаас Ормузын хоолойн тээвэр бараг зогссон. Азийн орнууд тус хоолойгоор дамждаг боловсруулаагүй газрын тосны 80 гаруй хувийг худалдан авдаг тул түлшний хямрал хамгийн хүнд тусаж буй. Одоогоор Азийн аль ч улс бүрэн гэрээсээ ажиллах арга хэмжээг албан ёсоор хэрэгжүүлж эхлээгүй байна. Гэхдээ зарим улс энэ талаар авч үзэн хэлэлцэж байгаа гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2026.03.25/ БНСУ-ын Эрчим хүчний сайд Ким Сон Хван гэрээс ажиллах талаар ярихдаа "Гэрээс ажилладаг болох нь сайн санаа гэж бодож байна" гэжээ..
Гуравдугаар сарын 11-нд Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) гишүүн орнууд газрын хямралыг намдаахын тулд стратегийн нөөцөөсөө 400 сая баррель газрын тос гаргахаар тохиролцсон. Тус агентлагийн түүхэнд ийм их хэмжээний газрын тос стратегийн нөөцөөс гаргаж байсан тохиолдол үгүй. Мөн “IEA” хямралын дарамтыг бууруулахын тулд гэрээсээ ажиллах, агаарын тээврээр зорчихоос татгалзах зэрэг зөвлөмж гаргасан.
“IEA”-ын дарга Фатих Бирол хэлэхдээ "ОХУ Украин руу довтолсны дараа Европын орнууд эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бодит туршлага бий. Тийм арга хэмжээ авсны үр дүнд ОХУ-ын газрын тос, байгалийн хийгүйгээр хүнд хэцүү үеийг даван туулж, цахилгаан эрчим хүч тасалдахгүй байхад ихээхэн тус болсон" гэжээ.
Азийн орнууд ямар арга хэмжээ аваад байна вэ
БНСУ иргэдээ шүршүүрт орох хугацаагаа багасгах, утсаа өдрийн цагаар цэнэглэх, тоос сорогчоо амралтын өдрүүдэд ажиллуулахыг уриалжээ. Мөн төрийн алба хаагчдын машинуудыг дугаарын хязгаарлалтаа мөрдөж байгаа эсэхийг илүү чанга шалгаж эхэлсэн байна. Сангийн сайд Кү Юн Чол ням гарагт /2026.03.29/ мэдэгдэл хийхдээ газрын тосны үнэ 120 ам.доллар давбал бүх машиныг дугаарын хязгаарлалтад шилжүүлнэ хэмээсэн. Мөн тус улсын Эрчим хүчний сайд Ким Сон Хван "Бид холбогдох яамдуудтай зөвлөлдөж, гэрээсээ ажиллах арга хэмжээг авч үзэж, хэлэлцэх болно" гэжээ.

Эрчим хүчний хувьд Ойрх Дорнодын газрын тосноос ихээхэн хамаардаг Филиппин энэ сарын эхээр төрийн зарим байгууллагуудын ажлын өдрийг цөөлсөн. Тус удсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос Ираны дайн нь эрчим хүчний хангамжид шууд аюул учруулж байна хэмээн эрчим хүчний онц байдал зарласан юм. Ингэснээр Филиппин Ираны дайны улмаас эрчим хүчний онц байдал зарласан анхны улс болсон.
Пакистан сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, оффисын ажилчдыг гэрээсээ ажиллахыг үүрэг болгосон. Шри Ланка түлшний нөөцөө хэмнэхийн тулд лхагва гараг бүрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Мөн долоо хоногт авч болох бензиний хэмжээг автомашины төрлөөр тогтоож өгсөн билээ.
Азийн санхүүгийн гэгддэг Сингапур иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хандаж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл хэрэглэх, цахилгаан автомашин ашиглах, агааржуулагчийнхаа температурыг нэмэхийг уриалав.
Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул төрийн албан хаагчдад гадаад томилолтоо зогсоох, агааржуулагчийн температурыг 25 градусаас дээш тогтоох, костюм зангианаас татгалзах, цахилгаан шатны оронд шатаар явах, гэрээсээ ажиллах тушаал өгчээ.
Зарим улс орнууд түлшний үнийн өсөлт өрхийн төсөвт дарамт болж байгаа тул эдийн засгийн тусламж өгч байна. Японы засгийн газар бензиний үнийг дунджаар литр тутамд 170 иенд барих зорилгоор 800 тэрбум иен ($5 тэрбум) зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Бензиний үнийг барихад сард 300 тэрбум иен зарцуулагдах аж.
Шинэ Зеланд дөрөвдүгээр сараас эхлэн орлого багатай өрхүүдэд долоо хоног бүр 50 шинэ зеланд долларын ($29.30) хэсэг хугацаанд олгоно гэж мэдэгджээ. Шинэ Зеландын Сангийн сайд Никола Уиллис хэлэхдээ "Дэлхий даяар шатахууны үнэ өсөж буй нь эдгээр гэр бүлүүдэд маш хүнд тусна гэдгийг бид мэдэж байна. Тиймээс цаг үеэ олсон тусламж үзүүлэх болно" гэжээ.
Лаос, Вьетнам болон Тайланд улсад хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд ч мөн цар тахлын үеийг санагдуулж байна. Тэдгээр улсын албан тушаалтнууд эрчим хүчний хэрэглээг бууруулахын тулд цахимаар ажиллах горимд шилжих талаар авч үзэж байгаа юм. Индонезын засгийн газар гэрээсээ ажиллах хувилбарыг судалж үзэж байна. Ингэснээр шатахууны хэрэглээг 20 хувь хүртэл бууруулах боломжтой гэж тэд тооцоолжээ.
Индонезийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Айрлангга Хартарто “Шатахууны үнэ өссөн тул бид ажлын цагийг илүү үр ашигтай ашиглах хэрэгтэй байна. Ажлын таван өдрийн нэг өдөрт нь гэрээсээ ажиллах уян хатан зохицуулалтыг нэвтрүүлнэ” гэсэн юм

Мөн Азийн орнууд эрчим хүчний аюулгүй байдлаа хангахын тулд нүүрсний цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон. Тухайлбал БНСУ нүүрсний станцууд нүүрс ашиглах хязгаарлалтыг цуцалжээ. Индонез нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх зөвшөөрлийг уурхайнуудад олгож эхэлсэн. Дээрээс нь Филиппин, Япон, Вьетнам, Тайвань гэх мэт орнууд нүүрс ашиглалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Гэхдээ цар тахлын үеэс эрс ялгаатай нэг зүйл нь төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах гэж яарахгүй байна. Харин ч эсрэгээрээ хүүгээ өсгөхөөр төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар Австралийн Төв банк энэ жил бодлогын хүүгээ хоёр ч удаа нэмээд байгаа билээ. Эрчим хүчний үнэ өссөн нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэл хэмээн үзэж Австралийн Төв банк хоёр долоо хоногийн өмнө хүүгээ сүүлийн арван сард үзэгдээгүй өндөр түвшинд хүргэсэн.
Ирэх саруудад Япон, Их Британи болон Европ бодлогын хүүгээ нэмнэ гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна. Үүний зэрэгцээ Азийн орнуудын мөнгөн тэмдэгтүүд ам.долларын эсрэг суларч байгаа нь тэдний эдийн засагт учирж буй дарамтыг улам нэмэгдүүлж болзошгүй юм.
“Capital Economics”-ийн эдийн засагч Женнифер Маккоун "Газрын тосны үнэ огцом өсөхөд төв банкнууд бодлогын хүнд сонголттой тулгардаг. Инфляц нэмэгдэхийн зэрэгцээ эдийн засаг саарах эрсдэлтэй байдаг" гэжээ. Тэрбээр нэмж "Зөв хариу арга хэмжээ авах нь газрын тосны үнэ яагаад өсөж байгаа, энэ хямрал хэр удаан үргэлжлэх, мөн инфляцын хүлээлт нэмэгдэх эсэхээс ихээхэн хамаарна" гэсэн байна.
Эх сурвалж: Arab News, Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг цар тахлын үе шиг арга хэмжээ авах дээрээ тулж байна даа
delhii dahin neg hund ued orj bga yum shig sanagdlaa
Шатахууны асуудал ийм хэмжээнд хүрнэ гэж хэн бодох вэ
geresee ajillah bol uneheer zuv shiidver bh shuu
Эдийн засагт их дарамт ирэх нь тодорхой боллоо доо
Хүмүүсийн амьдралд шууд нөлөөлөх нь ойлгомжтой байна
Хүмүүсийн амьдралд шууд нөлөөлөх нь ойлгомжтой байна
fuel une nemegdeheer buh yum dagaj usdug ni hamgiin hund
ajliin tsag bagasgah ch gesen shiidveruud ih sonin sanagdaj bn
Ийм үед төр засгийн бодлого маш чухал шүү
Эрчим хүчний хараат байдал ямар аюултайг харуулж байна
Япон хүртэл ийм их мөнгө зарцуулж байна гэхээр ноцтой юм аа
Иргэдэд мөнгөн тэтгэмж өгөх нь зөв шийдэл байх
inflation nemegdeh ni todorhoi bolj dee
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud