T.O.P: Би илүү зоригтой, айх зүйлгүй болсон. Миний шинэ хөгжмийг сонсоход мэдрэгдэнэ
BIGBANG хамтлагийн гишүүн асан алдарт T.O.P баасан гарагт /2026.04.03/ “Another Dimension” бүрэн хэмжээний ганцаарчилсан цомгоо цацсан. Энэ нь тэр 2006 онд уран бүтээлчийн хувьд дебют хийснээс хойш гаргасан анхны бүрэн хэмжээний ганцаачилсан цомог гэдгээрээ онцлог юм. Тэр цомгийнхоо талаар “GQ Hongkong” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.
GQ: Та олон нийтийн өмнө гаралгүй нэлээд удаан хугацаа өнгөрүүлсэн. Энэ хугацаанд юу хийж амжуулав?
T.O.P: Арав гаруй жилийн турш би олны нүднээс бүрмөсөн далд байж, зөвхөн хөгжим дээрээ төвлөрсөн. Гэр болон студиэс өөр газар бараг очоогүй, гадаад ертөнцтэй холбоогүй шахуу байлаа. Бүх цаг заваа бүтээл туурвихад зориулсан. Ингэсэн маань маш үр өгөөжтэй, бүтээлч жилүүд байсан гэж би боддог.
Эргээд харахад, алга ташиж буй хүмүүсийн өмнө тайзан дээр зогсож байсан үетэй харьцуулахад энэ "нам гүм" жилүүд таныг хэрхэн өөрчлөв?
Миний хувьд энэ жилүүд үнэхээр төгс байлаа. Хөгжмөө туурвих хангалттай орон зай гарч ирсэн. Сэтгэлийн гүн дэх нарийн төвөгтэй, чимээ шуугиантай хоолойнууд намайг хөтөлж, миний нөөц боломж болон өөрийгөө таних мэдрэмжийг асар ихээр тэлсэн юм шиг санагддаг. Би илүү зоригтой, айх зүйлгүй болсон, хүмүүс шинэ хөгжмийг минь сонсоод үүнийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.
Тэр хугацаанд амар тайван байж, өөрийгөө алдахгүй байхад юу тусалсан бэ?
Хөгжим бичиж байх мөч бүртээ би өөрийнхөө оршин тогтнож буй утга учир, зорилгыг гүнзгий ойлгосон. Сүүлийн арван жилийн турш шинэ хөгжмөө тасралтгүй бичих явцад миний сонсож буй авианы, хөгжим хувьсан заримдаа илүү хүчтэй болж, дууны үг маань ч илүү зоримог болсон.
Энэ цомгийг бүтээх явцдаа хэзээ хамгийн их баяр баясал, сэтгэл ханамжийг мэдэрсэн бэ?
Би дуу бичиж байхдаа л дэлхийн хамгийн жаргалтай хүн болдог.
Яг одоо эргэн ирэлт хийх цаг нь болсон гэж яагаад мэдрэгдсэн бэ?
Одоо л нэг бүх зүйл бүрэн бүтэн болсон мэт санагдсан. Би өөртөө маш хатуу ханддаг, ялангуяа өөрийнхөө нэрээр уран бүтээл хийхдээ бүр ч хатуу, хэтэрхий рациональ ханддаг. Одоо л энэ цомог миний өндөр шалгуур, таашаалд нийцэж байна.
Энэ цомгоороо дамжуулан ямар мэдрэмж, үзэл санааг хүмүүст хүргэхийг хүсэж байна вэ?
Цомог яг нэр шигээ (T.O.P өчигдөр /2026.04.03/ Another Dimension нэртэй цомог цацсан) шиг л олон талт өнцөг болон өөр хэмжигдэхүүний талаар өгүүлнэ. Энэ удаад би өмнө нь хэзээ ч туршиж байгаагүй хүүрнэсэн арга барил, нарийн төвөгтэй дуу авиан бүтцийг ашигласан. Хүмүүс сонсоод олон төрлийн мэдрэмж авах байх. Би сонсогчдод дуунуудыг маань сонсохоос өмнө өөрийн санаагаа тулгахыг хүсэхгүй байна. Зүгээр л өөрт төрөх мэдрэмжээ чөлөөтэй мэдрээсэй гэж хүсэж байна.

Цомог дээр ажиллаж эхэлж байх үед энэ төсөл таны өнгөрсөн түүхийн үргэлжлэл мэт санагдсан уу, эсвэл цоо шинэ зүйлийн эхлэл үү?
Сайхан асуулт байна, энэ цомог бол миний өнгөрснөө цэгцэлж, шинэ бүлэг рүү шилжиж буй тухай юм. Би дахиж өнгөрснөө давтахыг хүсэхгүй байна. 20 орчим насандаа байсан бүхнээ баглаад, шинэ өөрийгөө бүтээж буй үйл явц буюу миний шинэ дүр төрхийг илэрхийлж байгаа юм. Би өөрийнхөө насанд тохирсон хөгжим хийхийг хүсэж байна, миний энэ шинэ аяллыг хүмүүс надтай хамт туулна гэж найдаж байна.
“Another Dimension” гэж яг юу вэ? Таны хувьд юуг илэрхийлж байна вэ?
Шууд утгаараа энэ нь олон талаас харах өнцөг, өөр хэмжигдэхүүн гэсэн утгатай. Хүн бүрийн удахгүй харах миний шинэ хувилбарыг төлөөлж байгаа юм.
Цомгийг бэлтгэхэд хэр хугацаа зарцуулав?
Арав гаруй жилийн хугацаанд би энэ бүрэн хэмжээний цомгоос гадна ирэх таван жилийн хугацаанд гаргах хэд хэдэн цомгийг бас бүтээлээ. Энэ цомог бол цувралын эхлэл.
Цомгоосоо нэг дууг сонгоод тэр дуу таны хувьд яагаад онцгой утга учиртай вэ?
Би цомгийг бүхэлд нь нэг цогц бүтээл гэж хардаг. Эхнээс нь дуустал сонсохоор ойлгоно. Өргөн хүрээ хамарсан хүүрнэлтэй, кино мэт цомог. Цомгийн түүх өрнөх байдал нь цоо шинэ мэдрэмж төрүүлнэ.

Та бусад төрлийн урлагт их сонирхолтой, таны дүрслэх уран сайхны мэдрэмж хөгжим туурвихад хэрхэн нөлөөлдөг вэ?
Бага байхаасаа л би дүрслэх урлагтай салшгүй холбоотой байсаар ирсэн. Би сайхан зүйлсээс урам зориг авч, тэр мэдрэмжээ хөгжим болгон хөрвүүлдэг хүн. Миний мөрөөдөл бол дүрслэх урлаг шиг ямар ч цагт дурсагдах хөгжим бүтээх юм. Тухайн уран бүтээлийг туурвисан хүний санаа нь хэтэрхий тодорхой биш, сонсох бүрд шинэ зүйл нээдэг тийм л хөгжим.
Энэ цомгийг бүтээсэн явцынхаа талаар дэлгэрэнгүй хуваалцаж болох уу?
Би аливаа зүйлийг хийхдээ үргэлж шинийг эрж хайдаг. Орчин цагт амьдарч буй хүний хувьд хүмүүст яг ямар хөгжим хэрэгтэй байгаа бол гэж бодож үзээд энэ бүтээлийг хийсэн. Цомог дээр ажиллахдаа янз бүрийн жижиг сажиг зүйлд санаа зовж, хэт их тооцоолсон явдал байгаагүй. Илүү туршсан, шинэлэг байдлаар илэрхийлэх аргыг эрх чөлөөтэй хайсан. Цомог бүтээх үйл явц бүхэлдээ уян хатан, чөлөөтэй байсан.
Өнгөрсөн есдүгээр сард "Squid Game"-ийн арт директор Чэ Гён Сон клипийг тань найруулна гэсэн цуу яриа гарсан. Энэ үнэн үү? Түүнтэй хамтран ажиллах ямар байв?
Цомогтой холбоотой төлөвлөгөө маш нууц байсан болохоор зарим мэдээлэл үнэн, зарим нь худал байсан. Харин "Squid Game 2"-ын зураглаач Ким Жи Юн клипний ерөнхий найруулагчаар, харин бүтээлч захирал Чэ Гён Сон бүх продакшны дизайн, зураг авалтын талбар дээр ажилласан нь үнэн. "Squid Game" дээр хамтарч ажилласан зураг авалт, урлагийн багийнхан энэ клип дээр ажиллаж, утга учиртай, түүхэн гэмээр зүйлийг бүтээсэн. Чэ Гён Сон өөрийн багийнхаа гишүүдтэй хамтран цомгийн загварыг гаргахдаа маш их догдолж байсан. Шүтэн бишрэгчдэдээ урлагийн бүтээл шиг ер бусын, шинийг туршсан, үзэсгэлэнтэй цомог бэлэглэх гэж байгаадаа би маш их баяртай байна.
Эх сурвалж: GQ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
T.O.P эргэж ирж байгаа нь гоё мэдээ байна шүү
10 жил бэлтгэсэн цомог гэдэг өөр түвшний юм байх даа
Another Dimension нэрнээсээ эхлээд л өөр vibe мэдрэгдэж байна
iluu zorigtoi bolson gedeg ni duun deer ni medregdene bh
neg tsomgiig bugdeer ni sons gej helsen ni taalagdaj bn
yamar ch tsagt dursagdah hugjim hiine gedeg ni goy zorilgo bn
Squid Game bagtai hamtarsan ni bas hype boloh bh daa
shine uyee ehluulj bn gedeg ni medregdej bn
BIGBANG-ийн үеийн стиль нь огт өөр болсон байх гэж бодож байна
ene tsomog bol zugeer neg comeback bish shine ehlel gej oilgoj bn
yag neg duugaar bish buhel tsomogooroo tuuh yarina gedeg ni uneheer sonirholtoi
ene hunii setgelgee urgelj busdaas uur bdg ni l sonirholtoi
Хөгжимд ингэж олон жил өөрийгөө зориулна гэдэг амар биш шүү