Иранаас цэргээ аварсны дараа Трамп тус улсыг бөмбөгдөнө хэмээн сүрдүүлжээ
АНУ Иранд сураггүй болоод байсан нэг сөнөөгч онгоцны нисгэгчээ аварсан аварсан гэж Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.04.05/ мэдэгдсэн юм. Уг явдлыг Трамп болон АНУ-ын бусад албан тушаалтнууд Улаан өндөгний баяраар тохиосон гайхамшигт явдал хэмээн тодорхойлжээ. Тэд аврах ажиллагааг шашны дүр зургаар тайлбарлан, Иранд хийж буй дайныг дээрээс ивээсэн гэх утга бүхий Улаан өндөгний баярын мэндчилгээ гаргасан байна.
Трампын захиргааны өндөр албан тушаалтнуудын гаргасан мэндчилгээнүүд хувийн итгэл үнэмшлээ улс орны гадаад бодлоготой холбож, заагийг нь бүдгэрүүлсэн явдал байлаа гэж шүүмжлэгчид үзжээ. Мөн тэд дайныг зөвтгөхийн тулд шашин ашиглаж байна гэж хүмүүс шүүмжилсэн аж. Трамп “NBC News” агентлагт хэлэхдээ “Цэргийг аварсан явдал Улаан өндөгний баяраар тохиосон гайхамшиг байлаа” хэмээж нисгэгчийг аврах ажиллагааг шашинтай холбожээ. Мөн тэр өөрийн сошиал хуудас дээр нийтлэл оруулахдаа шашныг дахин нэг удаа дурдсан юм.
Тодруулбал тэр “Мягмар гарагт Ираны цахилгаан станц, гүүрнүүдэд цохилт өгөх өдөр байх болно. Нэгэн зэрэг цохилт өгнө. Урьд өмнө нь үзэгдээгүй хүчтэй цохилт байх болно. Галзуу новшнууд аа, хараал идсэн Ормузын хоолойг нээ, үгүй амьдарч байгаа газрыг чинь там болгоно шүү. Итгэхгүй байвал зүгээр хараарай, Аллахыг магтан дуулая, Ерөнхийлөгч Доналд Ж. Трамп” гэжээ.
Гэвч Трамп ингэж бичээд төд удалгүй Иранд цохилт өгөхөө хойшлуулж байгаа мэт нийтлэл оруулсан байна. Тэр “Барууны цагаар мягмар гарагийн 20:00 минут” гэж бичсэн боловч үнэндээ түүний Иранд олгоод байсан хугацаа нь барууны цагаар даваа гарагт 20:00 минутад дуусах байсан билээ.
Трамп өнгөрсөн сард Ираны цахилгаан станцуудыг газартай нь тэгшилнэ гэж сүрдүүлж, тодорхой хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол цохилт өгнө гэж байснаасаа хэд хэдэн удаа буцсан. Тэр хэдэн удаа хугацаагаа хойшлуулсныг харцгаая.
Гуравдугаар сарын 21: Хоёр хоногийн дотор Ормузын хоолойг нээхгүй бол Ираны цахилгаан эрчим хүчний станцуудыг устгана гэж сүрдүүлсэн.
Гуравдугаар сарын 23: Ирантай үр дүнтэй хэлэлцээ хийж байна гэх шалтгаанаар тэр цохилт өгөхөө таван өдрөөр хойшлуулсан. Техран Вашингтонтой хэлэлцээ хийхгүй байгаа гэж мэдэгдсэн юм.
Гуравдугаар сарын 26: Трамп хэлэлцээ сайн өрнөж байгаа, Иран тохиролцоонд хүрэх их хүсэлтэй байна гэж мэдэгдээд дахин арван хоногоор сунгасан. Техран дахин мэдэгдэл хийхдээ хэлэлцэхгүй байгаа гэсэн билээ.
Дөрөвдүгээр сарын 5: Арван хоног сунгасан нь барууны цагаар даваа гарагт дуусах байсан бол тэр сошиал хуудас дээрээ мягмар гараг гэхэд нээхгүй бол Ираны бүх цахилгаан станцуудыг бөмбөгдөнө гэж сүрдүүлэв.
Эх сурвалж: Reuters, China Daily Asia















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.