BBC агентлаг зардал хэмнэхийн тулд 2 мянган ажлын байр цомхотгоно
BBC агентлаг зардал хэмнэхийн тулд ирэх хоёр жилийн хугацаанд 2 мянган ажлын байр цомхотгоно гэж лхагва гарагт /2026.04.15/ мэдэгдсэн байна. Тус агентлагийн түр захирлаар ажиллаж буй Родри Талфан Дэйвис ажилчдадаа мэдэгдэл хийхдээ “Яг нарийн ширийн зүйлийг дахин нягтлах хэрэгтэй байгаа ч 1800-2000 ажлын байр цомхотгоно гэж таамаглаж байгаа” гэжээ.
Тус агентлаг санхүүгийн томоохон дарамттай тулгарч байгаа учир хурдан арга хэмжээ авах шаардлагатай гэж Дэйвис хэлсэн байна. BBC 5 тэрбум фунт стерлингийг үйл ажиллагааны зардалд зарцуулдгаасаа 500 сая фунтийг хэмнэх шаардлагатай байгаа аж. Хэмнэлтийн ихэнх хувийг 2027, 2028 онд хийх шаардлагатай гэж Дэйвис хэлсэн байна.
BBC сүүлийн 15 жилд ийм том хэмжээний цомхотгол явуулж байгаагүй. Тус агентлаг хиймэл оюун ухаан болон хүмүүсийн мэдээ авдаг зуршил өөрчлөгдөж байгаатай холбогдуулан тогтворгүй нөхцөл байдалтай нүүрлээд байгаа юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп BBC-гээс 10 тэрбум ам.доллар нэхэмжилж, нэр хүндэд халдсан хэмээн буруутгасан. Учир нь BBC агентлаг Трамп 2021 онд хэлсэн үгийг янзалж, дэмжигчдээ Конгресс руу дайрахыг илт уриалсан мэт харагдуулсан юм.
Эх сурвалж: Euro News














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.