АНУ Ирантай хийсэн гал зогсоох тохиролцоог тодорхойгүй хугацаагаар сунгалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.04.21/ мэдэгдэл хийхдээ Ирантай хийсэн гал зогсоох тохиролцоог тодорхойгүй хугацаагаар сунгаж байна гэжээ. Ингэснээр олон мянган хүн амь үрэгдэж, дэлхийн эдийн засгийг донсолгосон дайныг зогсоох талаар хэлэлцэх боломж нь гарч ирэв.
Хоёр улсын хооронд хэлэлцээ зуучилж буй Пакистан Ираны эрх баригч болон төлөөлөгчид боловсруулсан санал тавих хүртэл довтолгоогоо зогсоохыг АНУ-д уриалсан байна. Трамп мягмар гарагт Ираны бүх цахилгаан станцыг бөмбөгдөнө гэж сүрдүүлж байсан бол хэдэн цагийн дараа өнгө аясаа өөрчилж Пакистаны тавьсан саналын дагуу гал зогсоох тохиролцоог сунгалаа гэжээ. Гэхдээ Ирантай холбоотой хөлгүүдийн Ормузын хоолойгоор зорчих хөдөлгөөнийг хориглосоор байх болно гэж тэр хэлсэн байна.
Тэр энэ мэдэгдлээ Ирантай зөвшилцөн тохиролцоогүй байхдаа буюу ганцаарчилж гаргасан бололтой. Ираны эрх баригчид энэ талаар тайлбар хийгээгүй байна. Гэхдээ тус улсын Хувьсгалт гвардттай холбоотой “Tasnim” агентлаг мэдээлэхдээ Иран гал зогсоох тохиролцоог сунгах хүсэлт гаргаагүй гэжээ.
Ираны гол хэлэлцэгч, парламентын спикер Мохаммад Бакер Калибафын зөвлөх Махди Мохаммади “Трамп гал зогсоох тохиролцоог сунгаж байгаа нь гэнэт цохилт өгөх гэсэн заль. Иран санаачилгыг гартаа авах цаг болсон” хэмээсэн юм.
Энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхэд саад болоод буй гол асуудал нь Ирантай холбоотой хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлаж буй явдал. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Ираны боомтуудыг хааж буй нь дайн зарлаж буй хэрэг учир гал зогсоох тохиролцоог зөрчиж байна гэсэн үг хэмээжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.