АНУ-ын хэлэлцээ хийх саналд Иран хариу өгөөгүй л байна
Сүүлийн хэдэн өдрүүдэд Ормузын хоолойд АНУ, Иран нар гал солилцоод байсан юм. Ормузын хоолой орчимд бямба гарагт /2026.05.09/ харьцангуй тайван байдал тогтлоо. АНУ хоёр сар гаруй үргэлжилсэн тус дайныг зогсоох, энхийн хэлэлцээ эхлүүлэх санал Иранд тавьсан. Одоо АНУ уг саналдаа Иранаас хариу хүлээж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио баасан гарагт хэлэхдээ, Вашингтон хэдхэн цагийн дотор хариу ирнэ гэж хүлээж байгаа гэсэн. Гэвч нэг хоногийн дараа буюу бямба гарагт Техран ямар нэгэн хариу өгөөгүй байна. Тус санал нь Ираны цөмийн хөтөлбөр зэрэг маргаантай асуудлуудыг хэлэлцэхээс өмнө дайныг албан ёсоор зогсоох зорилготой юм.
Рубио Бямба гарагт Майами хотод Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман аль-Танитай уулзжээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдэгдэл хийхдээ “Рубио түүнтэй Ойрх Дорнодод аюул заналыг таслан зогсоох, тогтвортой байдал болон аюулгүй байдлыг хангахын тулд хамтран ажиллах шаардлагатай талаар ярилцсан" гэсэн байна.
“LSEG” фирмийн тээврийн мэдээллээс харвал Катарын шингэрүүлсэн байгалийн хийн танкер бямба гарагт /2026.05.09/ Ормузын хоолойг давахаар руу явж байжээ. Дайнд зуучлагчаар оролцож буй Катар болон Пакистантай итгэлцэл бий болгохын тулд Ираны зүгээс тус хөлгийг Ормузын хоолойгоор өнгөрөхийг зөвшөөрсөн аж. Хэрэв энэ аялал амжилттай болбол мөргөлдөөн эхэлснээс хойш Катарын байгалийн хийн хөлөг онгоц тус хоолойгоор дамжин өнгөрсөн анхны тохиолдол болох юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.