Халуун орны ой модны алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрснээсээ буурчээ
Дэлхийн халуун орны ойн алдагдал 2024 онд дээд цэгтээ хүрсэн бол 2025 онд буурсан байна. Халуун орнуудад хөдөө аж ахуйн тэлэлтээс үүдэлтэй дарамт шахалт байгаа хэдий ч шийдэмгий бодлого хэрэгжүүлснээр ой модоо хадгалж үлдэх боломжтойг тус тайлан харуулав.
Өнгөрсөн жил дэлхий даяар 4.3 сая га халуун орны ой мод алдагдсан нь 2024 онтой харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэхүү бууралт нь голчлон Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва 2023 онд ажлаа хүлээн авахдаа өгсөн амлалттай холбоотой байв. Тэр мод хууль бусаар бэлтгэхийг хязгаарлах чиглэлээр хэд хэдэн бодлого явуулж буй.
Тус тайланг гаргасан "Global Forest Watch" байгууллагын захирал Элизабет Голдман "Асуудал асар том мэт санагдах үед арга хэмжээнүүд авсан нь үр дүнд хүргэж, тэр нь тоон мэдээллээс харагдаж байгаа нь бидэнд урам зориг өгч байна" гэжээ.
Дэлхийн ихэнх орон ой модны алдагдлыг зогсоож, сэргээх зорилгоор 2023 онд амлалтын бичигт гарын үсэг зурсан байдаг. Тэрхүү амлалтад хүрэхэд одоогийн ойн алдагдлын хэмжээ байх ёстой түвшнээсээ 70 хувиар илүү хэвээр байгааг Голдман сануулжээ. Тэр "Ирэх жилүүдэд энэхүү зорилгодоо хүрэх нь амаргүй байх болно" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.