Санкт-Петербургт ОХУ-ын Давос гэгддэг чуулган эхлэхтэй зэрэгцэн Украин цохилт өгчээ
Лхагва гарагт /2026.06.03/ Санкт-Петербургт ОХУ-ын Давос гэгддэг эдийн засгийн чуулган эхлэхээс хэдэн цэгийн өмнө Украин тус хотод байрладаг газрын тосны терминалд цохилт өгчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний төрсөн хотод Олон улсын эдийн засгийн чуулган эхлэхээс өмнө Украин цохилт өгсөн нь Путинийг эвгүй байдалд оруулах зорилготой гэж шинжээчид үзэж байна.
Санкт-Петербург хотын дарга Александр Беглов хэлэхдээ гурван дүүрэгт тодорхойгүй дэд бүтцийн объектууд цохилтод өртсөн хэмээжээ. Тус хот оршдог Ленинград мужийн захирагч Александр Дрозденко хэлэхдээ агаарын довтолгооноос хамгаалах систем Украины 59 дроныг устгасан гэсэн юм. Тэр нэмж хэлэхдээ “Хэд хэдэн байгууламжид дэд бүтцийн хохирол учирсан. Одоо нурангийг цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Хэд хэдэн хүн бэртсэн гэхдээ хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй” гэжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэл хийхдээ дроноор Санкт-Петербургт байрладаг газрын тосны терминалд цохилт өгсөн гэдгийг баталсан байна. Мөн тус хотын ойролцоо байрладаг арал дээрх Кронштадтын цэргийн байгууламжид цохилт өгсөн гэжээ. Тэрхүү байгууламжид ОХУ-ын тэнгисийн хүчний Балтийн флотын хэсэг болон усан онгоц үйлдвэрлэх, засварлах томоохон үйлдвэр байдаг гэж Зеленский хэлсэн байна.
Өнгөрсөн жилийн зунаас хойш Украин Москвагийн төсвийн орлогын гол эх үүсвэр болох газрын тос, байгалийн хийн дэд бүтцэд цохилт эрчимтэй өгч эхэлсэн. Энэ жилийн хоёрдугаар сард Ираны дайн эхэлснээр газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдсэн тул Украин цохилтынхоо тоог нэмэгдүүлсэн юм.
Украины цохилтын улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлын дөрөвний нэг орчим хувь нь алдагдсан байна. Мөн ОХУ-ын бензиний үйлдвэрлэх чадамжийн 30 орчим хувь нь зогссон гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ийм учир ОХУ бензиний экспортыг хориглож, саяхнаас онгоцны түлш экспортлохоо зогсоосон.
Эх сурвалж: Reuters, The Moscow Times














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зуун ямаанд жаран ухна гэдэг үг байдаг одоо бол зуун ухна цөөдөх юм болжээ салбхрын яамд түүний сайарга нар нь юу хийдэг бнаа