Трамп Украины дайныг дуусгахаар түлхэлт үзүүлж байгаа ч Путин хурцадмал алхам хийж магадгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай энхийн хэлэлцээ хийхийг уриалсан саналуудыг няцааж байгаа талаар Кремльд ойр гурван эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Эх сурвалжууд хэлснээр, сүүлийн үед Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон боомтуудад дроноор цохилт өгсөн нь Путиний дайныг үргэлжлүүлэх шийдвэрийг улам бататгасан байна.
Ойрын хугацаанд Путин хэлэлцээ хийхээс илүүтэй мөргөлдөөнийг улам хурцатгах магадлалтай гэдгийг Кремльтэй ойр эх сурвалжуудын хоёр нь хэлжээ. Тэдний нэг нь Путинтэй тогтмол уулздаг, ойрын хэдэн сард мөргөлдөөн эрчимжих магадлал маш өндөр гэж үзэж байна гэж “Reuters” агентлагт хэлсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.07.06/ хэлэхдээ Путин дайныг дуусгахыг хүсэж байгаа гэсэн. Мөн мөргөлдөөнийг энхийн тохиролцоогоор шийдэх боломж олон хүний бодож байгаагаас илүү ойрхон байна хэмээсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Трамп Путин болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нартай тус тус утсаар ярьсан юм.

Путиний байр суурийг сайн мэддэг нэг эх сурвалжийн хэлснээр бол тэр Донбассын үлдсэн хэсгийг бүхэлд нь эзлэх зорилгоосоо ухраагүй байна. Энэ жил ОХУ-ын фронт дээр гаргах ахицын хурд саарсан ч Путин зорилгоо өөрчлөөгүй гэж тэр хэлсэн байна.
Мөн тэр эх сурвалж хэлэхдээ фронтын шугам дээр гал зогсоох тохиролцоонд хүрэх санал гаргасан зөвлөхүүддээ Путин саяхан зэмлэжээ. Харин хоёр дахь эх сурвалж хэлснээр, Путин ОХУ-ын зэвсэгт хүчин Донбассыг удахгүй бүрэн эзэлнэ гэж итгэж байгаа аж.
Зеленский өнгөрсөн зургаадугаар сард Путинтэй биечлэн уулзаж, гал зогсоох санал тавьсан. Гэвч Путин уг саналыг олон нийтийн өмнө няцаасан юм. Энэ талаар “Reuters” агентлаг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос тодруулга авчээ. Тодруулбал Песков “Орос улс энхийн замаар асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна. Гэхдээ тусгай цэргийн ажиллагаагаа өөрийн хүчээр үргэлжлүүлэх хангалттай боломжтой” гэсэн байна.
Харин Зеленскийн ажлын албаны нэгэн өндөр албан тушаалтан мэдээлэл өгөхдөө Путин энхийн хэлэлцээ биш, дайны дараагийн үе шатанд бэлтгэж байгааг тагнуулын мэдээлэл харуулж байна гэжээ. Дараагийн үе шат гэдэг нь Украинд шинээр довтолгоо эхлүүлэх, эсвэл Европын өөр нэг улс руу халдах ч магадгүй гэдгийг тэр эх сурвалж онцолсон аж.
Барууны зарим цэргийн шинжээчийн үзэж байгаагаар, Донбассыг бүрэн эзлэхийн тулд ОХУ дайнд явах боломжтой насны эрчүүдийг албадан цэрэгт татах шаардлагатай болж магадгүй юм. Гэхдээ цэрэг татлага нь улс төрийн хувьд маш эрсдэлтэй сэдэв. Тиймээс Путин дайны эхэн үеэс хойш ийм алхам хийхээс зайлсхийсээр ирсэн.
Сүүлийн үед Оросын цэргийн шинжээчид мөргөлдөөнийг улам хурцатгах талаар илүү ярих болжээ. Зарим шинжээч Балтын орнууд дахь НАТО-гийн баазууд зэрэг Европ дахь объектуудыг онилж магадгүй гэж ярьсан байна. Хэрэв ийм зүйл болбол ОХУ НАТО-той шууд мөргөлдөх эрсдэл үүснэ. Мөн НАТО-гийн хамтарч гишүүнээ хамгаалдаг дүрэм бодит сорилттой тулгарна.
Лондонд төвтэй Батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал судалдаг “Royal United Services Institute”-ийн шинжээч Жек Уотлинг хэлэхдээ, ОХУ НАТО дотор зөрчил үүсгэхийн тулд жижиг хэмжээний халдлага үйлдэж магадгүй аж. Жишээлбэл саяхан Румынд болсон Оросын дроны халдлагатай төстэй байж магадгүй гэж тэр хэлжээ.
Уотлинг мөн “ОХУ-ын зорилго бол НАТО-тай дайн эхлүүлэх биш. Харин ийм халдлагад хэрхэн хариу үзүүлэх талаар НАТО-д дотоод нь зөрчилдөөн үүсгэх хүсэлтэй байж магадгүй” гэсэн юм. Мөн НАТО-тай хурцадмал байдал үүсгэснээр Путин цэргийн албадан дайчилгааг зөвтгөх улс төрийн шалтаг олж болно гэдгийг тэр онцолсон байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.