Тодруулга: Буянт суманд алга болсон охиныг 78 хүний бүрэлдэхүүнтэй найм дахь өдрөө хайж байна
Ховд аймгийн Буянт сумын энэ сарын нэгний өдрийн 09:00 цагийн орчимд хөрш айлын тарвас хураах ажилд туслахаар 10 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болсон. Тэгвэл охиныг эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Эрлийн ажиллагааны тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Алга болсон 10 настай охин Буянт сумын Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн 513 тоот хаяг буюу өөрийн гэрээсээ "тарвас хураах ажилд" гарсан байна. Улмаар охиныг алга болсон тухай дуудлага наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн.
Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, 48 дугаар анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Буянт сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газар, сумын Мэргэжлийн анги болон ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Одоогоор нийт 78 хүн, хоёр морь, хоёр мотоцикл, есөн автомашинтайгаар 10 настай охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ. Иргэд та бүхэн тухайн охиныг харсан, эсхүл байгаа газрын талаар ач холбогдолтой мэдээлэлтэй бол цагдаагийн байгууллагын 102 болон 94517043 дугаарт мэдэгдэнэ үү. Нууцлалыг чанд хадгална. Бид энэ талаар ахин мэдээлэх болно.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.