Судалгаа: Дундаж орчим насандаа гурван эрсдэлт хүчин зүйлийг хянавал тэнэгрэх өвчин тусахыг хойшлуулж болно
Дунд насанд анхаарах ёстой гурван эрүүл мэндийн үзүүлэлт тэнэгрэх өвчин тусах насыг 10 гаруй жилээр хойшлуулдаг байж магадгүйг эрдэмтэд тогтоосон байна. Тодруулбал АНУ-ын “NYU Langone Health”-ийн эрдэмтэд явуулсан судалгаа 45-65 насандаа цусны даралт хэвийн байх, 2-р хэлбэрийн чихрийн шижингүй байх мөн тамхи татдаггүй байх нь тэнэгрэх (dementia) өвчнийг тусах насыг 13 жилээр хойшлуулдаг байж магадгүйг харуулжээ.
Мөн эрсдэлийн хүчин зүйлсээс үл хамаарч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү удаан хугацаанд тэнэгрэх өвчин тусалгүй амьдардаг болохыг судалгаа харуулсан аж. Тус эрдэм шинжилгээний ажлын үр дүнг “Neurology” анагаах ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.
Судлаачид 1986 онд эхэлсэн “Atherosclerosis Risk in Communities” буюу “ARCT” нэртэй урт хугацааны судалгааны тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Уг судалгаа америкчуудыг олон жилийн турш ажиглаж, дунд орчим насанд судасны эрсдэлт хүчин зүйл болон тэнэгрэх өвчин хоорондын холбоог судалжээ.
“NYU Langone Health”-ийн эрдэмтэд дунджаар 56 настай, тэнэгрэх өвчин тусаагүй 12,409 хүний эрүүл мэндийн түүхийг ашиглан дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны эхэнд оролцогчдыг цусны даралт ихсэх, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй эсэх, тамхи татдаг эсэх гэсэн гурван эрсдэлт хүчин зүйлийг үнэлжээ. Үүний дараа тэднийг дунджаар 26 жил, нийтдээ 30 жилийн турш ажигласан байна.
Энэ хугацаанд 3,008 хүн тэнэгрэх өвчинтэй болсон бол 5,238 хүн уг өвчнөөр өвчлөлгүйгээр нас баржээ. Судалгаагаар дээрх гурван эрсдэлт хүчин зүйлийн аль нь ч байгаагүй хүмүүс бүх эрсдэлт хүчин зүйлтэй хүмүүстэй харьцуулахад тэнэгрэх өвчингүй 13 жил илүү амьдарсан аж.
Судалгааны эхэнд чихрийн шижингүй, цусны даралт нь хэвийн, тамхи татдаггүй байсан хүмүүс дунджаар 30.1 жилийг тэнэгрэх өвчингүй амьдарчээ. Харин нэг эрсдэлийн хүчин зүйлтэй хүмүүс дунджаар 26.3 жил, хоёр эрсдэлтэй хүмүүс 21 жил, бүх гурван эрсдэлтэй хүмүүс ердөө 17 гаруй жилийг тэнэгрэх өвчингүй амьдарсан байна.
Судалгааг ахалж явуулсан “NYU Langone Health”-ийн Йозеф Кореш "Бидний судалгаа тархины эрүүл мэндийг арав гаруй жилийн турш хадгалахын тулд хүмүүс дунд наснаасаа эдгээр эрсдэлт хүчин зүйлсээс идэвхтэй сэргийлэх шаардлагатайг харуулж байна" гэж хэлжээ. Тэр нэмж хэлэхдээ "Судалгааны үр дүн хүмүүс 45 наснаас эхлэн тамхинаас гарах, мөн судасны эрүүл мэнддээ онцгой анхаарахад түлхэц болж өгнө гэж найдаж байна" хэмээсэн юм.
2050 он гэхэд дэлхий даяар тэнэгрэх өвчинтэй хүн гурав дахин өсөж, 153 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дэлхийн хэмжээнд тэнэгрэх өвчний тохиолдлын тал гаруй хувийг урьдчилан сэргийлэх эсвэл хойшлуулах боломжтой аж.
Үүнээс өмнө нь хийж байсан судалгаанууд хүүхэд наснаас эхлэн насан туршдаа өөрчлөх боломжтой 14 эрсдэлийн хүчин зүйлд анхаарвал тэнэгрэх өвчний тохиолдлын 45 хувийг урьдчилан сэргийлэх эсвэл хойшлуулж болохыг тогтоожээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.