Улс төрийн мэдээ

"Ковид-19"-ийн үед шууд худалдан авалт хийж, давуу байдал олгосон гэх Г.Батдоржийг 5-12 жил хорих ялтай хэрэгт буруутган, шүүнэ

"Ковид-19"-ийн үед шууд худалдан авалтаар бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт холбогдсон ГБХЗХГ-ын дарга асан Г.Батдоржийг 12 жил хүртэлх хорих ялтай гэмт хэрэгт буруутган, лхагва гарагт БЗ, СБ, ЧД-н Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэнэ.


Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын даргаар ажил­лаж байсан Г.Батдорж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, цар тахлын үед шууд гэрээ байгуулан бараа, ажил, үйлчилгээ худалдан авч бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогджээ.

Ингэхдээ Булган аймгийн хөгжил дэвшил, хүн амын сайн сайхан амьдрах боломжийг бий болгохын төлөө төсөл, хөтөлбөр санаачлах, зохион байгуулах, удирдах, хэрэгжүүлэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, Монгол Улс болон олон улсын хэмжээнд сурталчлах үйл ажиллагаа явуулахаар Х.Энхбат гэх хүний үүсгэн байгуулсан “Булган инновац клуб” НҮТББ-тай нөлөөллийн аяны сурталчилгаа хийх гэрээг Г.Батдорж шууд байгуулжээ. Энэ үеэр гэрээ шууд байгуулах нөхцөл бий болоогүй байхад Х.Энхбатын байгуулсан төрийн бус байгууллагатай гэрээ хийж, төлбөрийг нь шилжүүлсэн байна. Мөнхүү бусад байгууллагатай хийсэн гэрээнийхээ төлбөрийг дээрх төрийн бус байгууллагын дансаар авч бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Г.Батдоржийг буруутгаж буй.

Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3-ын “Нийтийн албан ту­шаал­тан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сард шилжүүлсэн юм.

Лхагва гарагт |2026.08.12| болох шүүх хуралдааныг П.Ариунболд, М.Очбадрах, Г.Ууганбаатар нарын шүүгчид дэнсэлнэ. Мөн НПГ-ын прокурор Л.Содбаяр, өмгөөлөгч С.Тэгшжаргал, Б.Дашдорж нар оролцох юм.


Холбогдсон хэргийн хуулийн заалт

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Найрамдал хүүхдийн зусланд хар тамхичинг ажлуулж байна хүүхдийн аюулгүй байдал хаана байна

Холбоотой мэдээ

Back to top button