НИЙГЭМНийгэм мэдээ

"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"

"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн багийнхан өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.

Энэ жилийн онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урттай 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрт зориулан бүтээсэн дижитал контент тус дэлгэцээр тасралтгүй дүрслэгдэж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, орчинд нь бүрэн автан мэдрэх боломжтой байна. Мөн дуугаралтын хувьд Cinematic Orchestral системийг ашигласнаар хөгжмийн орон зайн мэдрэмж, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү бодитоор хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл, орон зайн дуугаралт нэгэн зэрэг хослуулах юм.

Тус фестиваль наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолт нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох visual art буюу таван мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах хөгжмийн үдэшлэг юм. Энэ жил TIME буюу Хүннүгийн үеэс хойших таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулж, үзэгч сонсогчдыг 2000 гаруй жилийн цаг хугацаагаар аялуулахаар төлөвлөжээ.

Мөн COP17 хурал Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан "Нэг тасалбар -Нэг мод -Нэг өв" санаачилгыг эхлүүлсэн байна. Санаачилгын хүрээнд Хархорум төгөл бүтээх аж.

Фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн арга хэмжээ зохион байгуулахөөр төлөвлөсөн байна. Үүний нэг болох бүтээлч соёл, түүх, худалдаа наймааг агуулсан Bazaar төсөл маргааш буюу наймдугаар сарын 11-нд эхэлнэ. Уг арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы дэргэд 10 өдрийн турш үргэлжилнэ. Өдөр бүр өөр агуулгатай байх аж.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button