"Морь гараанаас бариа хүртэл хэрхэхийг унаач хүүхэд л мэднэ. Аз од, ухаанаараа уралддаг"
“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон улсын хурдан морины уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий уяачдад цом, гэрэгэ гардууллаа.
Энэ үеэр тус уралдаанд айрагдсан Завхан аймгийн Яруу сумын харьяат, Тод манлай уяач Д.Дагвадорж, түүний морийг таван настайгаасаа хойш унаж, уяж яваа Б.Пүрэв-Очир нартай цөөн хором ярилцлаа.
Видео:
Тод манлай уяач Д.Дагвадорж "Энэ жилийн баяр наадам онцлог сайхан боллоо. "Дэлхийн адууны өдөр"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон улсын цомын уралдаантай хийлээ. Монгол Улс бол төрийнхөө сүлдэнд морио залсан ганц улс. Үнэхээр төрийнхөө сүлдэд морио залсан улс ямар байдгийг дэлхийд харуулж чадлаа. 15000 морьтон жагсаж мориныхоо өв соёлыг ямар түвшинд авч яваагаа, хөгжүүлж байгаагаа мэдрүүллээ. Цаашид жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тул төрөл нь улам олон болж, өв соёл маань дэлхийд түгэх эх үүсвэр нь тавигдлаа.
Хонгор азарга маань хурдан байлаа. Аман хүзүүгээр хурдаллаа. Ерөнхийлөгчөөсөө анхны мөнгөн гэрэгэг гардан авлаа. Үүнээс сайхан зүйл хаана байх вэ.
Монгол Улсын манлай уяач Б.Пүрэв-Очир "Морьтой холбогдож эхлээд 28 жил болж байна. Таван настайгаасаа Тод манлай уяач Д.Дагвадорж ахынхаа морийг унаж байлаа. Үргэлжлүүлэн Тод манлай уяач Д.Даваахүү анхынхаа шавь болж, уяачийн туслах хүртэл хамт байсан. Дараа нь өөрөө бие дааж морио уяж, өдгөө манлай уяач болчоод байна. Сүүлийн 10 жил морь уялаа. Уяач хүн бүрийн мөрөөдөл бол оролцсон уралдаандаа айраг түрүү хүртэх байдаг. Уясан морь айрагдаад ороод ирэх мэдрэмжийг үгээр илэрхийлэшгүй сайхан.
Манай унаач хүүхдийг С.Баярбаясгалан гэдэг. Ноднин морь унаж чаддаггүй хүүхэд манай уяанд ирж байлаа. Өнгөрсөн жил улс бүсэд дөрөв айрагдсан, харин энэ жил улс бүсэд гурав айрагдлаа. Уралдааны өмнө сайн уралдаарай, болгоомжтой яваарай гэхээс өөр зүйл захидаггүй. Морь гараанаас бариа хүртэл хэрхэхийг унаач хүүхэд л мэднэ. Аз од, ухаанаараа л цулбуураа атгаж давхидаг. Энэ дашрамд унаач дүүдээ баярлалаа гэж хэлье. Мөн бидний арын албанд ажилладаг 30 гаруй хүн бий. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.