СБД-ийн Их баянд баавгай үзэгдсэн талаар сэрэмжлүүлэг цахим орчинд түгээд буй. Тус мэдэгдлийг гаргасан Нийслэлийн байгаль орчны газраас нөхцөл байдлыг тодрууллаа. "Баавгай үзэгдсэн байршил нь СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэр буюу хүмүүсийн мэддэгээр Сэлбэ голын эхний хиймэл нуураас зүүн тийш уул талдаа 7 км зайд. 2024 оны судалгаагаар Улиастайн эхээр бамбарууштай баавгай явж байгаа нь тэмдэглэгдсэн. Эдгээр нь нийслэл хотыг тойрсон нэг л нуруу гэсэн үг. Цаашид ямар арга хэмжээ авбал зохих талаар судлаачидтай зөвлөлдөж байна" гэлээ.
Өчигдрийн тухайд аялж явсан иргэнд 20 метр орчмын зайд бие гүйцсэн баавгайтай таарсан тухай дуудлага мэдээллийг өгсөн. Иймд мэргэжлийн байгууллагаас тухайн газрын ойр орчмоор аялж, зугаалж буй иргэд уулнаас бууж, ойролцоох бүс нутаг газраас нэн даруй холдохыг сэрэмжлүүлж байна.
Сүүлийн жилүүдэд суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдсээр байна. Тодруулбал, нийслэлд 2018-2019 онд БЗД-ийн 32-р хороо шар хоолой, СХД-ийн 61-ын гарам орчимд баавгай орж ирсэн мэдээлэл бүртгэгдэж байжээ.
Баавгайтай таарсан тохиолдолд ойртох, зураг авах, үргээх, хоол өгөх болон араас нь дагахгүй байхыг онцгой анхаарна уу.Иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, тухайн чиглэлд аялж, зугаалахгүй байхыг анхааруулав.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.