Бүлэг хүчингийн хэргийн шүүх хурал энэ сарын 27-нд товлогдлоо
СУИС-ийн Соёл, иргэншлийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа ангийнхаа долоон эрэгтэйд хүчиндүүлсэн тухайгаа 34 настай Ш сошиал хуудастаа бичсэнээр олны анхаарлын төвд орсон.
Хэргийг эхнээс нь хөвөрдвөл, Одоогоос есөн жилийн өмнө Ш анх удаа ангийнхантайгаа сургуулийнхаа шинэ жилд оролцсон байна. Тухайн шинэ жил дуусмагц ангиараа үргэлжлүүлэн суухаар нэгэн зочид буудалд очиж, согтууруулах ундаа хэрэглэжээ. Гэтэл Ш-тэй оройг дуустал хамт байна гэсэн найз нь орхин явснаар ангийнхаа долоон эрэгтэй, таван эмэгтэйтэй үлдсэн байна. Ш "Согтууруулах ундаа бага зэрэг л уусан, кола л ууж байсан. Биднээс сүүлдэж орж ирсэн манай ангийн хоёр оюутныг миний ууж байсан коланд бэлдмэл хийсэн байх гэж би харддаг. Үгүй бол яагаад би тэгж их бөөлжиж, дараа нь ухаангүй болох вэ" хэмээсэн юм.
Түүнийг угаалгын өрөөнд ухаангүй, биеэ удирдаж чадахгүй байхад нь ангийнх нь нэг залуу өргөж гаргасан байна. Ш өөрт нь тэр залуу тусалж байна гэж бодсон ч өөр нэг өрөөнд оруулж хүчиндсэн байна. Тэр үед Ш бага зэрэг ухаан орж, толгойгоо эргүүлэн харвал ангийнх нь залуус эгнээд зогсож байсан гэх.
Тухайн үед Ш бусдаас эмээсэндээ цагдаа, эмнэлгийн байгууллагад хандаагүй байна. Тэр бүү хэл сургуульдаа үргэлжлүүлэн сурч, төгсжээ. Тэрбээр "Би хэвийн байгаа мэт боловч тэр шөнө л үхчихсэн. Олон жил сэтгэлээ, биеэ анагаах гэж явсан. Гэсэн ч эдгэдэггүй зүйл гэж байдаг юм байна. Хэрэг хуучирдаггүй учир дөрвөн жилийн өмнөөс эхлэн цагдаа, хуулийн байгууллагад хандаж эхэлсэн. Холбогдох хэргийг прокурорын байгууллагаас гурван удаа хэрэгсэхгүй болгож, буцаасан" хэмээсэн юм.
Үйл процессыг нягталж үзвэл, 34 настай, эмэгтэй Ш 2020 онд анх цагдаагийн байгууллагад хандсан байна. Улмаар цагдаагийн байгууллагад гурван ч удаа мэдүүлэг өгч, хэрэг хянан шалгагддаг ч цагдаагийн байгууллагаас хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлдэг байжээ. Улмаар прокурорын байгууллагаас хэргийг хаахыг эс зөвшөөрч, мөрдөн байцаалт руу буцаасаар иржээ.
Тухайн залуусыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогдвол 12 жил хүртэл хорих ял оноох хуулийн зохицуулалттай

Ш гэх эмэгтэйг хоёрдугаар курст байхад нь хүчиндсэн гэх залуусыг Б.Мөнх-Алдар, Т.Содбаяр, С.Энхболд, н.Шижирбат, н.Чинзориг, н.Сүхбаатар, н.Халтар гэдэг. Ш-ийн хэлж буйгаар "Тухайн залуус ойр тойрны бүх хүмүүстээ болсон процессыг ярьж явсан гэх. Мөн Ш-ийг үл тоож, доромжлох байдлыг сургууль төгстөл нь үзүүлсэн" гэх.
Тус хэрэгт холбогдох гэм буруугийн шүүх хурал 8-р сарын 27-ны пүрэв гарагт ЧД, СБД, БЗД-ийн шүүхэд товлогдсон байна.
Холбогдсон хэргийн зүйл анги: Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.