НИЙГЭМНийгэм ярилцлага

Г.Эрдэнэцолмон: Ногоон бүс бол дэлхийд Монголоо харуулах үндсэн талбар

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчид, эрдэмтэд, бизнесийн төлөөлөл, иргэний нийгэм болон малчид нэг дор чуулж, шийдэл эрэлхийлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өчигдөр эхэлсэн. Цэнхэр бүс үүдээ нээж, гадны зочид төлөөлөгчид павильон бүрдээ өөрсдийн онцлогийг шингээсэн танилцуулга хийсэн. Тэгвэл өнөөдөр олон нийтэд нээлттэй ногоон бүс албан ёсоор нээх юм. Иймд COP17 Үндэсний хорооны ажлын албаны Ногоон бүсийн хөтөлбөр хариуцсан ахлах шинжээч Г.Эрдэнэцолмонтой цөөн хором ярилцсанаа хүргэе.

-КОП17 хурал ногоон, цэнхэр гэсэн хоёр бүсэд явж байгаа. Ногоон бүсийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Ногоон бүс бол олон нийтэд нээлттэй талбар. Байгаль хамгаалал, нүүдлийн соёл иргэншил, өөрсдийн мэдлэг туршлагаа бид ногоон бүс дээрээ дэлхий нийтэд харуулах гэж байгаа юм. Цэнхэр бүс бол албан ёсны хэлэлцээ явагдах бүс. Ногоон бүсэд одоогийн байдлаар 60 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна.

-Ногоон бүсэд нийт хэдэн арга хэмжээ төлөвлөсөн бэ?

-481 арга хэмжээ төлөвлөгдөөд явж байна. Үүнд хэлэлцүүлэг, уулзалт, шилдэг туршлага танилцуулах арга хэмжээнүүд орж байгаа. Хамгийн сонирхолтой хэсэг нь дэлхийн хэрэгцээт олон төсөл ногоон бүс дээр танилцуулагдана. 60 гаруй орноос илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцохоор ирж байгаа. Нэг үгээр, ногоон бүс бол зөвхөн Монголын талбар биш, дэлхийн талбар болж байна.

-Энгийн иргэд ногоон бүсэд саадгүй нэвтэрч чадах уу?

-Ногоон бүс нээлттэй, хүн болгоныг урьж байна. Монголд дэлхий чуулж байгаа энэ арга хэмжээний нэг хэсэг байх боломж бол ногоон бүсэд ирэх явдал. Иргэд ирээд сонирхсон хэсэгтээ оролцох боломжтой.

-Ногоон бүсэд болох арга хэмжээнүүдээс онцлох гурван арга хэмжээг нэрлэж болох уу?

-Яг онцлох гэхээсээ илүү арга хэмжээ болгон сонирхолтой байдлаар төлөвлөгдсөн. Жишээ дурдахад, өдөр болгон соёл урлагийн арга хэмжээ болно. Мөн 21 аймаг шилдэг туршлагаа танилцуулж, тухайн аймгийн онцлогийг харуулсан соёлын арга хэмжээ давхар зохион байгуулагдана. Загварын шоу ч олноор төлөвлөгдсөн. Түүнчлэн дэлхийн шилдэг баримтат кинонуудын нээлт ногоон бүс дээр болохоор төлөвлөгдөж байгаараа онцлог байна.

-Монголын талаас хэн оролцож байна вэ?

-Олон улсын төслүүдээс гадна Монголын 80 гаруй иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид орж ирж байна. Бидний авч байгаа мэдээллээр 1500 орчим илтгэл, хэлэлцүүлэг бэлтгэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол үндсэндээ мэдлэгийн талбар, туршлага солилцох талбар. Мөн санхүүжилт, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжийг нээх хаалга нь ногоон бүс гэж ойлгож болно.

-КОП17 хурлаас Монгол улс дахь өгөөж, хүлээлтийг хэрхэн тодорхойлох вэ?

-Ганцхан мөнгөөр хэмжигдэхгүй маш олон давуу тал гарна гэж харж байна.

Нэгдүгээрт, энэ хурал хэдхэн хоног үргэлжилнэ ч Монгол Улс дараагийн хоёр жил конвенцыг толгойлно.

Хоёрдугаарт, гадаадын компаниудтайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь хамгийн чухал. Үүнээс гадна хэмжиж болохгүй үр дүн бий. Дэлхийн анхаарлын төвд ийм оролцоотой байх нь өөрөө үр дүн. Энэ бол нүүдлийн мал аж ахуй, соёлд тулгуурлаж ирсэн орон гэдгээ дэлхий нийтэд харуулах үндсэн талбар. Монголын уламжлал, соёл ямар агуу болохыг НҮБ-ын конвенцын 197 орны төлөөлөл өнөөдөр эндээс харж байна.

-Гаднын олон зочидтой уулзаж ярилцахад хурлын зохион байгуулалт сайн байгааг, бэлтгэл ажлаа сайн хийсэн тухай дурдаж байна. Маш олон хүний хөдөлмөр, цаг хугацаа энд харагдаж буй. Бэлтгэл ажил хэрхэн өрнөсөн талаар дурдаж болох уу?

-Үндсэндээ амралтгүй ажилласан. Хүмүүс өдөр шөнөгүй, сэтгэл зүрхээ гаргаж, цаг зарцуулж ажилласан. Өнөөдрийн бүтээн байгуулалтыг харахад хүн болгон сэтгэл хангалуун байна. Хурлууд маань форматынхаа дагуу амжилттай зохион байгуулагдаж буй. Дэлхийн олон орны төлөөлөгчид Монголд ирээд сэтгэл хөдөлж байгаа. Нэг талаас энэ нөхцөлийг бүрдүүлсэн нь үнэхээр сайхан, нөгөө талаас ажлууд үргэлжилсээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын байгаль, нүүдлийн соёлыг дэлхийд таниулах ийм талбар гарч байгаа нь сайхан боломж байна

Зочин
Зочин

60 гаруй орны төлөөлөл оролцож байгаа нь Монголын хувьд нэр хүндийн том боломж шүү. Зөвхөн арга хэмжээ зохион байгуулаад өнгөрөх биш бодит хамтын ажиллагаа хэрэгтэй

Зочин
Зочин

Nogoon bus bol irgeded hamgiin oir heseg ni yum bn. Ene bolovsroliin bolon medlegiin bolomjiig humuus sain ashiglaasai

Зочин
Зочин

481 арга хэмжээ гэдэг бага тоо биш ээ. Монголын байгууллагууд өөрсдийн хийж байгаа ажлаа дэлхийд харуулах боломжийг сайн ашиглах хэрэгтэй

Зочин
Зочин

Mongoliin nuudliin soyol, m#l aj ahuin turshlaga delhiid sonirholtoi sedew bolood udaj bn. Odoo ene bolomjoo bodit ur dun bolgoh l chuhal

Зочин
Зочин

Ногоон бүсийг зүгээр нэг үзэсгэлэн биш мэдлэг, туршлага, хамтын ажиллагааны бодит талбар болгож чадвал хамгийн том өгөөж нь тэр байх

Зочин
Зочин

Дэлхий Монголыг зөвхөн уул уурхайгаар нь биш байгаль, соёл, нүүдлийн ахуйгаар нь харах боломж бүрдэж байна

Зочин
Зочин

Gadnii zocid Mongold irj, Mongoliin ontslogiig uzej baigaa ni ooroo tom surtalchilgaa. Gehdee daraagiin ajil ni uuniigee udaan hugatsaand urgeljluuleh

Зочин
Зочин

21 аймаг тус бүрийн онцлогийг харуулах нь их зөв санаа байна. Монголын байгаль, ахуй орон нутаг бүрт өөр өөрийн өнгө төрхтэй

Зочин
Зочин

Ийм олон улсын хэмжээний арга хэмжээний дараа Монголд үлдэх бодит үр дүн хамгийн чухал. Ганц хэдэн өдрийн шоу болоод дуусчихгүй байгаасай

Зочин
Зочин

COP17-г ашиглаад байгаль орчны чиглэлийн шинэ технологи, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг Монголд татах хэрэгтэй

Зочин
Зочин

Ene hural Mongoliig delhiid haruulah saihan bolomj mun. Gehdee haruulahaas gadna gadaadnii sain turshlagaas surah ni bas chuhal

Зочин
Зочин

Монголын уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулж чадвал цөлжилттэй тэмцэхэд бидэнд давуу тал болно

Зочин
Зочин

Ногоон бүсэд 60 мянга гаруй хүн бүртгүүлсэн гэдэг их тоо байна. Иргэд өөрсдөө очиж үзээд мэдээлэл авах нь зөв

Зочин
Зочин

Mongolchuud baigaliinhee asuudliig oorsdoo l hamgiin sain medne. Odoo ter medlegee delhiin humuustei huvaaltsah tsag ni irjee

Зочин
Зочин

Хурал зохион байгуулалт сайтай байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ зохион байгуулалтын амжилтаас илүү Монголд үлдэх төсөл, хөрөнгө оруулалт, бодлогын үр дүнг хүлээж байна

Зочин
Зочин

Ямар ацаа танилцуулахав дээ, чиний царайг харахад

Зочин
Зочин

битгий сулиор

Холбоотой мэдээ

Back to top button