"Хотула" апплейкшнаар нэг шуудай түлшийг 3,750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр худалдана
Нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 440 цэгээр 2,275 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа.Тавантолгой түлш компани энэ халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний 120 мянган тонн нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш бол 307 мянган тонн нь хагас коксон түлш байх юм.
Энэ жил завсрын бүтээгдэхүүн буюу мидлингэн шахмал түлш худалдахгүй. Харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, арваннэгдүгээр сарын 01-нийг хүртэл нийслэлийн айл өрхийн хэрэглээнд нийлүүлнэ.
Түлшний үйлдвэр 24 цагаар ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 27.6 мянган тонн түлш нөөцлөөд байна. Харин хагас коксон түлшийг арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргана. Одоогийн байдлаар 28.7 тонн хагас коксон түлшний нөөцтэй байна.
Түлшний үйлдвэрийн нэгдүгээр цех савлагааны бэлэн байдлыг хангаж, нийт 307 мянган тонн хагас коксон түлшийг савлаж, худалдаанд гаргах юм. Иргэд Хотула апплейкшнаар нэг шуудай угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3,750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгийн үнээр худалдан авна.Тавантолгой Түлш ХХК-ийн үйлдвэрлэж, савласан шахмал түлшийг гэрээт 38 компанийн 300 орчим тээврийн хэрэгслээр агуулах болон борлуулалтын цэгт тээвэрлэн хүргэж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.