Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ гурван жилд анх удаа бодлогын хүүгээ нэмсэнд Трамп дургүйцэв

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2026.09.16/ бодлогын хүүгээ 2023 оноос хойш анх удаа өсгөх шийдвэр гаргалаа. Тодруулбал ХНС-гийн бодлого боловсруулагчид санал нэгтэйгээр шийдвэр гаргаж, бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж 3.75-4.00 хувь болгон нэмэгдүүлжээ. Холбооны нөөцийн сангийн захирал Кевин Уарш шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа ч инфляц зорилтот түвшнээс өндөр хэмжээнд олон жилийн турш байлаа гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Уаршийг бодлогын хүүг бууруулна гэж үзэж ХНС-гийн даргаар томилсон. Өнгөрсөн жил Уарш даргаар томилогдож болох хүмүүс дунд нэрлэгдэхдээ ХНС бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй гэж ярьж байсан юм. Тэгвэл Уаршийн удирдлага дор АНУ сүүлийн гурван жилд анх удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэв. Үүнээс гадна энэ жилийн сүүл гэхэд бодлогын хүүг дахин нэмэх магадлалтай гэсэн дохиог ХНС-гийн удирдлагууд өгчээ.

Бодлогын хүүг нэмсний дараа Трамп уурлаж, өөрийн сошиал хуудас дээрээ “АНУ дэлхийн хамгийн шилдэг зээлжих чадвартай улс учир манай бодлогын хүү 1 хувь эсвэл түүнээс бага байх ёстой. АНУ-ын бодлогын хүүг хурдан бууруул” гэж бичсэн байна. Энэ нь Трамп Уаршийг шууд шүүмжлэхэд хамгийн ойртож ирсэн тохиолдол болсон юм. Өмнөх ХНС-гийн дарга Жером Пауэллийг ажлаа өгөхөөс өмнө Трамп хувийн дайралт их хийдэг байсан билээ.

АНУ Израилтай хамтран Иранд цохилт өгч эхэлсэн дайны улмаас дэлхий даяар инфляц өсөөд байгаа. Энэ инфляцын дарамт АНУ-д ч мөн ажиглагдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн инфляцын тайланг харвал хүнс болон эрчим хүчний үнийг тооцоогүй АНУ-ын суурь инфляцын өсөлт наймдугаар сард бага зэрэг хурдассан аж.

ХНС-гийн голчлон ашигладаг хэмжүүрээр инфляц долоодугаар сард 3.7 хувьтай гарчээ. Энэ үзүүлэлт 2025 оны дөрөвдүгээр сард 2.3. хувь байсан юм. Харин хүнс болон эрчим хүчний үнийг оролцуулаагүй суурь инфляц долоодугаар сард 3.3 хувьтай байжээ. Ираны дайн эхлэхээс өмнө тус үзүүлэлт 3 хувь байсан юм. Холбооны нөөцийн сан инфляцыг 2 хувьд барих зорилготой ажилладаг билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button