Оросууд өрсөлдөөнгүй парламентын сонгуульд саналаа өгөх гэж байна
Оросууд өнөөдрөөс /2026.09.18/ ням гарагийн /2026.09.20/ хооронд Төрийн Думын доод танхимын 450 гишүүн, бүс нутгийн хууль тогтоох байгууллагын гишүүд болон захирагчдаа сонгох гэж байна.
Энэхүү сонгуульд эрх баригч Нэгдсэн Орос нам, Коммунист нам, Либерал Ардчилсан нам, Шударга Орос нам, Яблоко зэрэг нам өрсөлдөж байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар эдгээр намуудын мөрийн хөтөлбөрүүд төстэй, ихэнх нь Кремлийн бодлогыг дэмждэг байна. Харин Яблоко нам л өөр байр суурь илэрхийлж, дайныг эсэргүүцсэн мөрийн хөтөлбөр танилцуулсан. Гэвч тус намыг Төрийн Думд өрсөлдөх жагсаалтаас хасжээ. Гэхдээ Яблоко зөвхөн нэг өрсөлдөгч Төрийн Думд сонгогддог тойргууд болон орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа юм.
Санал хураалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Нэгдсэн Орос нам өрсөлдөөнгүй ялалт байгуулах төлөвтэй байна. Тус нам одоогийн Төрийн Думын 450 суудлын 321-ийг эзэмшдэг. Нэгдсэн Орос нам өрсөлдөөнгүй ялна гэж буй ч шинжээчдийн үзэж буйгаар энэхүү сонгууль олон нийтийн үзэл бодлыг хэмжих чухал үзүүлэлт болж өгнө.
Иргэд сонгуулиа цахимаар санал өгөх боломжтой юм. Цахимаар санал хураалт авч, гурван хоног дамнан санал хураалт явуулж буй нь сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлөхөд илүү хялбар болгож магадгүй гэж шүүмжлэгчид анхааруулж байгаа юм.
Өрсөлдөөнгүй сонгууль
ОХУ-д сонгууль яг хэзээнээс, хэрхэн өрсөлдөөнтэй байдлаа алдсан талаар шинжээчдийн байр суурь зөрдөг. Гэхдээ 2022 онд Украины дайн эхэлсэн нь томоохон эргэлтийн цэг болсон гэж шинжээчид үздэг юм.
Улс төр судлаачид өнөөдрийн ОХУ-ыг сонгуулийн авторитар тогтолцоотой гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл сонгууль явуулдаг ч санал хураалтын хүрээ, нөхцөл байдлыг эрх баригчид хатуу хянадаг гэсэн үг.
Висконсин-Милуоки их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор, Оросын сонгуулийн улс төрийн шинжээч Ора Жон Ройтер “Нэр дэвшигчид дайныг зогсоохыг ил тод уриалж болохгүй. Мөн Путиний хууль ёсны эрх мэдлийг сөрж болохгүй. Үүнээс бусад асуудлаар нэр дэвшигчид болон сонгуульд оролцож буй намууд мэтгэлцэх бага зэрэг эрх чөлөөтэй” гэж “The Moscow Times” сонинд хэлсэн байна.

Гадаадад амьдарч буй улс төрийн тоймч Екатерина Шульман хэлэхдээ, 2011 он гэхэд эрх баригчид Төрийн Думын гишүүдийг өөрсдийн хүссэнээрээ өөрчилдөг болсон тул Думууд хоорондоо нэг их ялгаагүй байж ирсэн аж. Тэрбээр нэмж хэлэхдээ, Кремлийн хувьд Нэгдсэн Орос нам үргэлж олонхыг бүрдүүлж байх ёстой гэсэн байна. Харин бусад намууд өөрсдийн байр сууриа мэдэж, хууль тогтоох үйл явцыг саадгүй, эрчимтэй явуулахад хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой гэж Шульман тайлбарласан юм.
Бусад намууд бэлэг тэмдэг төдий зүйл болж хувирсан ч гэсэн сүүлийн жилүүдэд иргэдэд санал болгож буй улс төрийн сонголт улам бүр хумигдсаар байна. Энэ талаар “Election Atlas” төслийн шинжээч Вадим Терновой ярихдаа “Сүүлийн арван жилийн хугацаанд хууль ёсны бүртгэлтэй улс төрийн намын тоо 75-аас 17 болж буурсан” гэжээ.
Мөн 2012 оноос хойш анх удаа сонгогчдоос гарын үсэг цуглуулах шаардлагаас чөлөөлөгдсөн намууд л Думын сонгуульд нэр дэвших эрхтэй болсон байна. ОХУ-ын хуулиар аливаа нам Думд суудал эзэмшдэг эвсэл бүс нутгийн сонгуульд ялж байсан намууд Думын сонгуульд өрсөлдөж болдог. Хэрэв дээрх хоёр шалгуурыг хангаагүй үед сонгуулийн 200 мянган гарын үсэг цуглуулдаг байсан юм.
Мөн 2022 оноос хойш бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн тоо 20 орчим хувиар буурсан байна. Энэ нь өрсөлдөх зөвшөөрлөө авсан бус нэр дэвших хүсэлт гаргасан хүмүүсийн тоо юм. Үүнээс харвал сонгуульд нэр дэвших хүсэл эрмэлзэл ч буурчээ. Сонгуульд өрсөлдөх сонирхол буурсан нь улс төрд оролцохын эрсдэл, өгөөжийн харьцаа тэнцвэргүй болсонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Сүүлийн үед улс төрийн дарамт шахалт идэвхтнүүд болон дайныг эсэргүүцдэг “Яблоко” намын нэр дэвшигчдээс гадна Коммунист нам, Либерал Ардчилсан намын гишүүдэд ирдэг болжээ. Мөн Нэгдсэн Орос намын нэр хүндтэй гишүүд хүртэл намаас дарамт шахалт ирэх болсон талаар гомдол гаргажээ. Тэдний зарим нь эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа юм.
“Election Atlas” төслийн шинжээч Терновой “Үүний улмаас сонгуульд оролцож бодит амжилт гаргах боломжтой олон хүн нэр дэвшихээс татгалзах болсон. Үүний улмаас сонгогчид өөр өөр үзэл бодол сонсож, өөрсдийн байр суурийг илэрхийлэх боломж багассаар байна” гэж тэр хэлэв.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.