Иргэдээс ₮10 гаруй тэрбумыг залилж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Д.Отгонбаярыг баривчилжээ

Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан Дамжингийн Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор шилжүүлэн авах ажиллагааг интерпол, Мөрдөн байцаах албаны бие бүрэлдэхүүн зохион байгууллаа.
Цагдаагийн алба хаагчид түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар цагдан хорих 461 анги руу шилжүүллээ. Дамжингийн Отгонбаяр нь "Хурд" группийн туслан гүйцэтгэгч "Тангас", "Гэрэлт есөн од" зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус группийн барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.
Тэрбээр 2014 оноос эхлэн "Хурд" группийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг. Хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ буюу 2024 оны арваннэгдүгээр сард оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм. Улмаар 2025 онд ОХУ руу хил зөрчин нэвтрэх үедээ саатуулагдаж, тус улсын шоронд жил гаруй хоригдсон байдаг.
Харин түүний эхнэр Э.Гэрэлмаа нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа юм.
Б.САНАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хохирсон хүмүүс нөхцөл байдлаа ярих нь зүйтэй байх. Энэ залилагч Хурдаас л угшилтай хүн юм байна. Бас тэгээд авгай нь прокурор гэж байгаа. Одооч хуульч атлаа залилан хийгээд нүгэл хураагаад явах нь энүүхэнд болж дээ. Монголд энэ мэтийн хэрэг улам ихсээд байгааг юу гэж тайлбарлах вэ???