Шүүгч тушаал гаргасны дараа Цагаан ордон “CNN”, “MS NOW”, “Politico”-гийн нэвтрэх эрхийг сэргээлээ
Пүрэв гарагт /2026.09.24/ АНУ-ын дүүргийн шүүгч Тим Келли “CNN”, “MS NOW”, “Politico” агентлагийг Цагаан ордонд нэвтрэхийг хориглосон нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай хэмээн эрхийг нь сэргээж өгөх тушаал гаргажээ. Үүний Дараа Цагаан ордон тэдгээр агентлагийн сэтгүүлчдийг нэвтрэх эрхийг сэргээсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “CNN”, “MS NOW”, “Politico” агентлагуудыг худал мэдээлэл тараадаг хэмээн буруутгаж Цагаан ордон руу нэвтрэхийг хориглосон юм. Үүний улмаас тус гурван агентлаг хамтран Трампын захиргааг шүүхэд өгсөн байна. Тэгвэл “CNN”, “MS NOW”, “Politico”-гийн нэхэмжлэлийг авч хэлэлцэж буй шүүгч Келли тус хоригийг 14 хоногоор хойшлуулах тушаал гаргажээ. Сонирхолтой нь шүүгч Келлиг 2017 онд Трамп анх удаа ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ томилсон аж.
АНУ-ын Хууль зүйн яам тус гурван агентлагийг Цагаан ордон руу нэвтрэхийг хориглосон нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэх аргументыг дэвшүүлжээ. Тэгвэл худал мэдээллийн улмаас хориглож байгаа гэж Трамп өөрөө хэлснийг шүүгч Келли онцолж, Хууль зүйн яамны аргументад эргэлзэж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Yahoo News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.