Тойм| Ичээндээ бэлдсэн өлсгөлөн баавгай иргэдийг сандаргаж, “ичээнээсээ” гарсан өлсгөлөн улстөрчид төсөв гацаав
Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг парламентаар даруй хэлэлцэж, 2027 оны төсвийн төслөө араас нь оруулах ёстой ч УИХ-ын байнгын хороодын ирц бүрдэхгүй тал талд хүлээлтийн байдалтай долоо хоног өнгөрөв.
Арваннэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, олон жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудал эрх баригч МАН-ын 30|38-ын талцал болоод сөрөг хүчний бойкотоос болоод байнгын хороодын “босгоор” ч давсангүй. Харин улсын төсвөөс түрүүнд Засгийн газрын “сул” орон тоог бөглөх асуудал дээр ирцээ бүрдүүлэн чуулганаар хэлэлцүүлж, ХЗДХ-ийн шинэ сайдаар Г.Тэмүүлэнг томиллоо.
Улс төрийн хажуугаар улс орны амьдрал өрнөдгөөрөө өрнөж, хүйтний ам наашлан өвлийн бэлтгэлээ базаах ёстойг сануулсаар. Улс орны нийгэм, эдийн засаг, эрчим хүч, дулаан, түлш шатахууны асуудал болоод ард иргэдийнхээ амьдрал ахуйг амин хувийн эрх ашиг, улс төрийн нүүдлээс дорд үзсэн гишүүд, сайд нар ээлж дараалан нэгнээ намнах “ан”-д гарцгаасан долоо хоног.
Энэ хооронд өлсгөлөн баавгай “башийж”, ₮1 тэрбумын төсөвтэй болоод авав. Баавгайд унтуулгын буу, сум, цацлага авах болон хоол тэжээл тавих, эргүүл хамгаалалтын зардалд Засгийн газрын нөөц сангаас нэг тэрбум 88 саяын төсөв гаргахаар энэ долоо хоногийн хуралдаанаас шийдвэрлэсэн билээ.
Ичээндээ орох дөхөөд идэш тэжээлийн эрэлд гарсан өлсгөлөн баавгай хот, хөдөөгүй иргэдийг сандрааж байхад хэдэн сараар чуулгандаа суухгүй “ичсэн” МАН-ын зарим улстөрч ичээнээсээ гэнэт гарч, ууртай нь аргагүй мэдэгдэл тайлбаруудыг ар араас нь хийж нохой шуугиулсан “үзээтэй” долоо хоног өнгөрөв. Тэднийг ичээнээсээ гарч ирэх сургаар ордон хавиар үймэлдэн сандарч, сайд, гишүүдийн зарим нь хэлд орж, зарим нь хэлгүй болж, АН, МАН-гүй яах бол гэсэн эргэлзээ дунд манантсан, эх адаггүй хөвөрсөн бөөн баримтууд дунд иргэд нь төөрөлдсөн, төсөв түгжирч гацсан парламентын хувьд бүтээмжгүй, бүтэлгүй ээлжит долоо хоног байлаа.
Төрийн өмчит компаниудын төсөв санхүү, булхай луйвар, албан тушаалын наймааны талаар шүгэл үлээсэн АН-ынхан улсын төсөвтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдыг ээрч, УИХ-ын “Асуулгын цаг”-аар оруулж, өчигдөр баахан л мэтгэлцэв. Үр дүн нь чухам яаж гарахыг одоохондоо таашгүй.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг чуулганаар өчигдөр үдэш (2026.09.25) ямартай ч хийж. Спикер нь арайхийн ирц бүрдсэн дээр нь гээд завсарлага ч өгөхгүй, хаалгаа дарж зогсох нь холгүй гишүүдээ хоргоож байж эхний хэлэлцүүлгийнхээ ард гарч.
Ер нь сүүлийн үед манай улстөрчид үнэгэн харанхуй, үдэш оройн цагаар л томоохон гэрээ хэлэлцээ, төсөв мөнгөтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж шийддэг болоод байгаа. Нуух юм нь бүр их л болоод тэгдэг байх даа.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ, Засгийн газрыг тараах хэрэгтэй, бүгд Хулгайч луйварчид,