Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпиний айлчлалын үр дүнд АНУ, БНХАУ гаалийн татвар бууруулж, хиймэл оюуны асуудлаар хэлэлцээ хийхээр болов

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д айлчилсны үр дүнд хоёр улс 30 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг бууруулж, хиймэл оюун ухааны асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцов.

Цагаан ордон мэдэгдэл хийхдээ, АНУ-аас экспортолдог хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мод, гоо сайхны бараа зэрэгт, мөн БНХАУ-аас АНУ-д нийлүүлдэг жижиг цахилгаан хэрэгсэл, тоглоом, гоёл чимэглэлийн гэх мэт бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулах аж.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлснээр хоёр тал худалдааны зөвлөл байгуулах, Куала-Лумпурт хийсэн хэлэлцээний үр дүнг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Мөн өнгөрсөн жилийн эвлэрлийн тохиролцоогоо хоёр сараар сунгасан байна. Тэрхүү түр хугацааны шинжтэй тохиролцоо арваннэгдүгээр сарын 10-нд дуусах байсан юм. Тус тохиролцооны үр дүнд хоёр тал худалдааны дайнаа зогсоож, гаалийн татвараа бууруулсан билээ. Тэгвэл илүү өргөн хүрээтэй худалдааны хэлэлцээр байгуулах хугацаа үүсгэхийн тулд Вашингтон, Бээжин эвлэрлийг сунгажээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент лхагва гарагт энэ талаар мэдэгдсэн байна.

Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гурван өдрийн дээд хэмжээний уулзалт баасан гарагт өндөрлөсөн. Энэ нь Ши Жиньпин 2015 оноос хойш АНУ-д анх удаа төрийн айлчлал хийж байгаа гэдгээрээ ач холбогдол бүхий дээд хэмжээний уулзалт болсон юм. Уулзалтын үеэр худалдаа, бусад асуудлаар томоохон шинэ тохиролцоонд хүрээгүй байна. Харин хоёр удирдагчийн хувийн харилцаа давамгайлжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Энэхүү түүхэн айлчлал нь БНХАУ, АНУ-ын харилцааны бүтээлч, тогтвортой байдлыг бэхжүүлж, хоёр талын харилцааны тогтвортой байдлыг хадгалан, харилцааны шинэ хуудсыг нээлээ. Мөн дэлхийн энх тайван, хөгжилд урт хугацаанд чухал нөлөө үзүүлнэ” гэж мэдэгджээ.

Хиймэл оюун ухааны талаар яриа хэлэлцээ эхлүүлнэ

Хиймэл оюун ухааны тал дээр АНУ, БНХАУ тус технологийн үр өгөөж болон эрсдэлийг хэлэлцэх болжээ. Мөн хиймэл оюун ухаантай холбоотой осол, эрсдэл гарсан тохиолдолд шууд харилцах тусгай суваг байгуулахаар тохиролцсон байна. Цагаан ордон болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлснээр, дараагийн шатны хэлэлцээг арваннэгдүгээр сард аж.

Мөн хоёр улсын удирдагчид “хиймэл оюун ухаан” (artificial intelligence) гэхийн оронд “супер оюун ухаан” (super intelligence) гэсэн нэр томьёог ашиглахаар тохиролцсон гэж Цагаан ордон мэдээлжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ, технологи цаашид хөгжихийн хэрээр хоёр тал шинэ нөхцөл байдалтай уялдуулан мэдээлэл солилцоогоо эрчимжүүлж, нийтлэг ойлголтод хүрэхийн төлөө ажиллах хэрэгтэй гэсэн байна.

Фукидидын хавхыг даван туулж чадах уу?

Ши Жиньпин энэхүү айлчлалаараа хоёр улс Фукидидийн хавхыг даван туулж болно гэж хэлжээ. Энэ нэр томьёо нь эртний Грекийн түүхч Фукидидын тодорхойлсон үзэлтэй холбоотой. Тодруулбал Фукидидын хавх гэдэг нь шинээр хүчирхэгжиж буй гүрэн тогтсон байр суурьтай их гүрний давамгайлалд заналхийлэх үед хурцадмал байдал үүсэж, улмаар мөргөлдөөнд хүрэх эрсдэлийг илэрхийлдэг аж.

Тэрбээр “Хоёр улс сөргөлдөхөд бус, Хятадын үндэстний аугаа сэргэн мандалтыг хэрэгжүүлэх болон Америкийг дахин агуу болгох зорилго зэрэгцэн хэрэгжих ёстой” гэсэн байна. “Америкийг дахин агуу болгох” гэх үг нь Трампын улс төрийн гол уриа билээ. Ши Жиньпин нэмж “Бид энх тайвнаар зэрэгцэн орших ёстой. БНХАУ, АНУ нар их гүрний хувьд хамтын ажиллагаанаас хоёул ашиг хүртэнэ. Харин зөрчилдөөнөөс аль аль нь хохирно. Тиймээс хоёр орны зэвсэгт хүчин тогтмол харилцаж, хямралын үед харилцаа холбоо тогтоох, хямралаас урьдчилан сэргийлэх механизмаа сайжруулах хэрэгтэй” гэсэн байна.

Рэньминий их сургуулийн Олон улс судлалын сургуулийн профессор Цүй Шоужюнь хоёр улс цэргийн мөргөлдөөнд хүрэлгүйгээр эрчимтэй өрсөлдөх зарчмыг тодорхой болгосон нь дээд хэмжээний уулзалтын хамгийн чухал улс төрийн үр дүн гэсэн байна. Энэ нь тогтворгүй байгаа АНУ-БНХАУ-ын харилцаанд тодорхой хэмжээний тогтвортой байдлыг бий болгосон гэж тэр үзжээ.

Дээд хэмжээний уулзалт болохоос өмнө БНХАУ-аас АНУ-д суудаг Элчин сайд Шиэ Фэнь хэлэхдээ, Тайванийн асуудал Бээжингийн хувьд давж болшгүй улаан шугам гэсэн юм. Одоогийн байдлаар Трамп Тайванийн асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. Харин Ши Жиньпин Трамптай уулзахдаа АНУ-ыг Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэхийг уриалсан гэж Хятадын талын эх сурвалжууд мэдээлсэн юм.

Мөн БНХАУ-ын талын эх сурвалжууд мэдээлэлд Трамп, Ши Жиньпин нар Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар ярилцсан гэсэн байна. Мөн БНХАУ-ын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Жай Жүн Сингапурт болсон арга хэмжээний үеэр Ойрх Дорнодын нөхцөл байдал хоёр удирдагчийн уулзалтын гол асуудлуудын нэг байсан гэжээ. Хоёр тал энэ асуудлаар хүрсэн тохиролцоо нь Ойрх Дорнод дахь хурцадмал байдлыг намдаахад чухал ач холбогдолтой гэж тэр нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters, CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button