Нийгмийн

Дулаан хангамжийн систем хүчин чадлынхаа дээд хязгаарт хүрч, 59.4 км шугам эзэнгүй байна

Улаанбаатарын өвлийн бэлтгэл зөвхөн нүүрс, түлшний нөөцөөр хэмжигдэхгүй. Хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах дулааны эх үүсвэр, дамжуулах шугам сүлжээний хүчин чадал, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, тарифын зохицуулалт зэрэг олон асуудал нэг дор хуримтлагджээ. Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр нийслэлийн дулаан хангамжийн тогтолцоо эрэлтээ гүйцэхгүй хэмжээнд хүрсэн байна. 

-Өвөлдөө систем хязгаартаа хүрдэг-

Аудитын тайланд дурдсанаар 2025 оны байдлаар Улаанбаатарын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрүүд нийт 1,129.8 Гкал/цагийн хүчин чадлын дутагдалтай ажиллаж байжээ. Мөн гадна агаарын температур -24 хэм орчимд систем хязгаартаа хүрч, -25 хэмээс дээшлэхэд дулаан хангамж хүрэлцэхгүй болох эрсдэл үүсдэг байна. 

Үүний зэрэгцээ дулааны дамжуулах сүлжээний зарим хэсэг холбогдсон ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн байна. Аудитаар нийслэлийн төвлөрсөн дулааны дөрвөн эх үүсвэрийн 12 дамжуулах сүлжээний зургаагийнх нь нэвтрүүлэх чадвар 12.6-65.1 хувиар хэтэрсэн гэж тогтоожээ. 

Өөрөөр хэлбэл, шинэ орон сууц, барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр дулааны хэрэглээ өсөж байгаа ч түүнийг үйлдвэрлэх, дамжуулах дэд бүтцийн хүчин чадал ижил хурдаар нэмэгдэхгүй байгаа юм.

Дулааны эх үүсвэр, сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг нэгдсэн бодлогоор, эрэмбэ дараалалтай хэрэгжүүлээгүйгээс өмнөх хөрөнгө оруулалтын үр өгөөж буурч, зарим байгууламж огт ашиглалтгүй байна. 

-59.4 км дулааны шугамын эзэн тодорхойгүй-

Дулаан хангамжийн бас нэг анхаарал татах асуудал нь өмчлөл, хариуцлагын тодорхойгүй байдал юм.

Нийслэлд ашиглагдаж буй нийт 771 км дулааны шугамын 59.4 км нь өмчийн эзэн тодорхойгүй, дундын эзэмшилд байна. Эдгээр шугам нь хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан бөгөөд гэмтэл, саатал гарсан үед засвар үйлчилгээ, ашиглалтыг хэн хариуцах нь тодорхойгүйгээс шуурхай засвар хийх, аюулгүй ажиллагааг хангахад эрсдэл үүсэж байгааг аудит тогтоожээ. Сүүлийн гурван жилд уг 59.4 км шугамд нийт 85 удаагийн гэмтэл, саатал гарсан байна. 

-Тарифын зохицуулалт компаниудын санхүүд дарамт болжээ-

Дулаан үйлдвэрлэдэг компаниудын санхүүгийн байдал ч анхаарал татах хэмжээнд хүрсэн байна. Аудитаар ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4 болон Амгалан дулааны станцын сүүлийн таван жилийн санхүүгийн үзүүлэлтийг шинжлэхэд зарим компанийн ашигт ажиллагаа бага, зарим жилд алдагдалтай ажилласан байна.

Тухайлбал, ДЦС-4 болон Амгалан дулааны станцын богино хугацааны өр төлбөрөө эргэлтийн хөрөнгөөр барагдуулах чадвар 2022 оноос хойш хангалтгүй түвшинд байжээ. ДЦС-4-ийн нийт хөрөнгийн 46.9 хувь нь өр төлбөрөөр санхүүжсэн гэж аудитын тайланд дурджээ. Үүнийг аудитын байгууллага тарифын зохицуулалт, үйлдвэрлэлийн өндөр өртөг, зардлын дарамттай холбон тайлбарласан байна. 

Үндэсний аудитын газар үнэ тарифын бодлогыг хараат бусаар хэрэгжүүлэх боломж хангалтгүй байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд санхүүгийн дарамт үүсгэх шалтгааны нэг болсон гэж дүгнэжээ. 

 2025 оны байдлаар нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн нийт 343.3 мянган хэрэглэгчийн ердөө 5.9 мянга буюу 1.7 хувь нь дулааны тоолууртай байжээ. Энэ нь дулааны хэрэглээг бодит зарцуулалтад тулгуурлан тооцох тогтолцоо нийслэлийн хэмжээнд маш бага хүрээнд хэрэгжиж байгааг харуулж байна. 

-Гэр хороололд 2.1 их наяд төгрөг зарцуулсан ч асуудал хэвээр-

Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр, байшинг дулаалах, дулааны дэд төв байгуулах, сайжруулсан түлшээр хангах зэрэг арга хэмжээнд 2018-2025 онд 2.1 их наяд төгрөг зарцуулсан байна. Гэвч төвлөрсөн дулаанд холбогдоогүй хэсгийн дулаан хангамжийн найдвартай байдал хангагдаагүй гэж аудит дүгнэжээ. 

Түүнчлэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх зорилгоор байгуулсан нийт 399.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий гурван үйлдвэрээс нэг нь ашиглалтад ороогүй, нэгийг нь импортын түлш савлах, нөгөөг нь агуулахын зориулалтаар ашиглаж байна. Мөн түлш үйлдвэрлэл, нийлүүлэлтийг санхүүжүүлэх зорилгоор авсан 1.7 их наяд төгрөгийн зээлийг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй, компани өөрийн хүчээр эргэн төлөх боломжгүй гэж аудитын байгууллага дүгнэжээ. 

Шинэ эх үүсвэр барих асуудлыг хойшлуулах тусам өнөөдрийн хүчин чадлын зөрүү нь ирэх өвлийн найдвартай ажиллагааны эрсдэлийг дагуулж мэдэхээр байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button