УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гишүүд байнгын хороогоо гацаадаг нь багадаад бүлгийн хурлаа ч хийхээ болив

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр (2026.09.28) өглөө хуралдах ёстой байсан ч АН-ынхан ирц нь бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Сөрөг хүчин төсвийн төслөөр дулдуйдан сөрсөн базаагаа яаж хийх учраа сайн олохгүй, дотоод хагарлаа эмхэрдэж хүчрэхгүй байгаа нь тэр зэрэг гэсэн үг.

Харин эрх баригч МАН-ын бүлгийнхэн өнөөдөр бүр ирцээ ч өгсөнгүй, хуралдах ёстойгоо “мартсан” бололтой. Учир нь МАН-ынхны хуралдах ёстой танхимд хүнс, хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн хугацаанд төрөөс олгосон дэмжлэг, санхүүжилтийн асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол болж буйгаас харахад 30/38-ын талынхан хэн нь ч өнөөдөр угаасаа бүлгийн хуралдаанаа хийх сонирхолгүй байсан гэлтэй.

Хууль тогтоогчдын хийх ёстой гол ажил бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа сууж, бодлого боловсруулах байтал чуулганаа тасалж, байнгын хороогоо байнга гацааж, одоо бүр бүлгийн хуралдаа ч морилохоо байлаа. Ихэнх гишүүн эзгүй, ордон эл хуль байгаа нь зарим нь Ерөнхий сайдтай хамт гадаадад томилолтоор явж, нэг хэсэг гишүүд нь хөдөө орон нутгаар томилолттой байгаатай холбоотой гэж “зөвтгөж” болох.

Өнгөрсөн баасан гарагийн шөнө дүл болтол хуралдсан гишүүдийг спикер нь тойрогтоо ажиллаж, 2026 оны төсвийн тодотгол болоод 2027 оны төсвийн төслөө танилцуулах “чөлөө” олгосонтой ч нэг талаараа холбоотой биз.

Гэхдээ л улсын төсөв хэлэлцэж батлах цагийн тоолуур эрчээрээ гүйж буй энэ үед парламентад суудалтай намын бүлгүүд ирцээ бүрдүүлж, бүлгийн хуралдаанаа ч хийж чадахгүй байна гэдэг арай л хэтэрсэн үйлдэл юм.   

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button