Торгууль жолооч нарыг хариуцлагажуулахаас илүү төсвийн орлогын гол эх үүсвэр болжээ

Жолооч замын хөдөлгөөний зөрчлийн улмаас ногдуулсан торгуулиа таван сарын дотор төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, улмаар шүүхэд шилжүүлэх зохицуулалт хэрэгжиж байна. Төлөөгүй торгуулийн нийт дүн 450 мянган төгрөгөөс доош бол албадан биелүүлэх, 450 мянган төгрөгөөс дээш бол нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналыг шүүхэд хүргүүлэхээр болжээ.
Торгуулиа төлөхгүй удах тусам хариуцлага чангарах нь. Гэвч үүний цаана зөвхөн торгуулиа төлөхөөс зугтсан жолоочийн асуудал бус, жил бүр асар их хэмжээний торгууль төвлөрүүлдэг тогтолцоо хэрхэн ажиллаж байгаа, төлөгдөөгүй торгууль хэдий хэмжээтэй болсон, торгуулийн мөнгө юунд зарцуулагддаг вэ гэх мэт хэд хэдэн томоохон асуудал бий.
-Торгууль, хүүгээс нийслэлийн төсвийн орлогын 22 хувийг бүрдүүлнэ-
Нийслэлийн 2026 оны төсөвт торгууль, хүүгийн орлогоос 449 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан байна. Энэ нь таван жилийн өмнөхөөс арав дахин өссөн дүн бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 22 хувийг эзлэхээр тооцжээ. Харин 2025 онд энэ төрлийн орлого 393 тэрбум төгрөг байсан байна.
Өөрөөр хэлбэл, торгууль нь хотын төсөвт багахан хэмжээний орлого биш, хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэх эх үүсвэр болжээ. Харин олон улсын жишигт хотын төсөвт торгуулийн орлого 1-3 хувь орчим байдаг бөгөөд таван хувиас давах нь эрсдэлтэй гэж үздэг аж.
Нийслэлд торгууль, хүүгийн орлого 2021 оны 40 тэрбум төгрөгөөс 2026 онд 449 тэрбумд хүрэхээр төсөвлөгдсөн нь зөвхөн “жолооч нар дүрэм зөрчөөд байна” гэж хэлэхэд хэт их тоо юм. Торгуулийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр хотын төсөвт эзлэх жин нь ч өсөж буйгаас харахад торгууль нь жолооч нарын замын хөдөлгөөнд дүрмээрээ, соёлтой оролцох сахилга хариуцлагыг сайжруулах хэрэгсэл үү, эсвэл төсвийн орлогын нэг том эх үүсвэр болон хувирч байна уу гэсэн асуултыг дагуулж байна.
-Автомашиныхаа үнэлгээтэй дүйдэхүйц торгуультай "Приус"-ын жолооч нар ч байна-
Гэтэл нөгөө талд торгуулиа төлөхгүй явсаар хэдэн зуун зөрчил хуримтлуулсан автомашин эзэмшигч ч байна. Тухайлбал, 2003 онд үйлдвэрлэгдэж, 2019 онд Монголд орж ирсэн “Приус” автомашин 477 удаагийн зөрчил гаргаж, 11.7 сая төгрөгийн торгуультай, түүнийгээ төлөөгүй байна. Мөн нэг “Приус” автомашин ердөө гурван сарын хугацаанд 75 удаагийн зөрчил гаргаж, торгуулиа төлөөгүй тохиолдол ч бүртгэгджээ. Энэ торгуулийн мөнгөн дүн нь тухайн автомашины одоогийн зах зээлийн үнэлгээтэй дүйдэхүйц байгаа юм.
Энэ бол нэг автомашины асуудал мэт боловч үнэндээ торгуулийн тогтолцооны гажуудлыг харуулах жишээ юм. Зөрчил гаргах бүрд торгууль ногдуулдаг ч торгуулиа төлөхгүйгээр олон удаа замын хөдөлгөөнд оролцож болдог бол торгуулийн шийтгэл зорилгодоо хүрч байна уу гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.
Иргэд зөрчил гаргасан бол торгуулиа төлөх үүрэгтэй. Гэхдээ төр, нийслэл ч торгуулиар бүрдүүлсэн мөнгөнийхөө зарцуулалтыг тодорхой тайлагнах үүрэгтэй. Жолоочоос торгуулийг нь нэхдэг шигээ 449 тэрбум төгрөгийг хаана, ямар ажилд, ямар үр дүн гаргахаар зарцуулахыг ил тод харуулах шаардлага бий.
Торгуулиа төлөөгүй жолоочийг шүүхэд шилжүүлэхээс гадна торгууль ногдуулах бодлогын үр дүнг хэмжих цаг болжээ. Өнөөдөр 477 удаа зөрчил гаргасан автомашин 11.7 сая төгрөгийн торгуультай хэвээр явж байгаа нь зөвхөн жолоочийн хариуцлагын асуудал биш, торгууль ногдуулснаас хойш түүнийг бодитоор төлүүлэх хүртэлх тогтолцоо хэр ажиллаж байгааг харуулах үзүүлэлт юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yumnii une haa saigui ussun. Naad torguulia bas nem.