Орж ирэнгүүтээ АТГ-т баригдан, 48 цаг саатуулагдаж байсан Н.Баяртсайханы хэргийг шүүнэ

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байв. Харин өөрөө Монголд ирж, ирсэн дор нь АТГ-аас саатуулж, шалгаж эхэлсэн байдаг. Тодруулан хэлвэл түүнийг |2024.10.24|-нд 48 цагийн хугацаатай саатуулж, хугацаа нь дуусахад суллаж байв.
Тэгвэл эл үйл явдлаас хоёр жилийн дараа Н.Баяртсайханд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Н.Баяртсайхан өмнө нь 2019 онд "Шинжиан Шинфа"-гийн асуудалд холбогдон шалгагдаж байсан. 2016-2019 оны хооронд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажилласан нэгэн юм.
Тодруулбал, 2019 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн суудлаа өгөх үестэй зэрэгцээд энэ үйлдэлд буруутган шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч байв. Гэхдээ эл хэрэгт Сун Гуан Чин, Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан нар 2019 онд 2 жилийн хорих ял сонссон. Монголын шүүх “Шинжиан Шинфа”ХХК-ийн Сун Гуан Чин, Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, Тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарт холбогдох 98 мянган ам.долларын хэргийг тогтоосон билээ. Тус компани ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр нэг өдрийн дотор 20 тэрбум төгрөгийн зээл гаргуулж авсан мөнгөө 2020 онд Төрийн банзанд бүрэн төлсөн байдаг.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.