С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна

Түлшийг богино хугацаанд асааснаар агаарын бохирдлыг 20-30 хувиар бууруулах боломжтой
Тавантолгой түлш компани 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөж байна. Халаалтын улирлын эхэнд эрчим хүчний баяжуулсан нүүрсээр үйлдвэрлэсэн 120 мянган тонн шахмал түлшийг борлуулж буй бол ирэх сараас хагас коксон түлшийг худалдаанд гаргах юм байна.
Энэ жил хэрэглээнд нэвтрүүлсэн түлшний шинж чанар, нийлүүлэлтийн талаар Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Энэ жилийн халаалтын улиралд мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр бус угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлшийг айл өрхүүдэд нийлүүлж байгааг танай компаниас онцолж байна. Эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш мидлингээс юугаараа ялгарч, ямар шинж чанар нь сайжирсан вэ?
-Бид 2019-2026 он хүртэл мидлингээр түлш үйлдвэрлэж байсан. Энэ халаалтын улиралд Эрдэнэс Тавантолгой ХК-иас нийслэлчүүдэд зориулан угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлж байна. Экспортод гаргадаг түүхий эдээс үлдсэн завсрын бүтээгдэхүүн болох мидлингээр түлш хийдэг байсан бол энэ жил зөвхөн нийслэлчүүдэд зориулан зорилтот түүхий эдээр түлш үйлдвэрлэж байна гэсэн үг.
Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлшийг мидлингтэй харьцуулахад үнслэг болон хүхрийн хэмжээ буурч, илчлэг нь 6126 ккал-аас 6318 ккал болж нэмэгдсэн.
Багануурын түүхий нүүрс, мидлинг, эрчим хүчний баяжуулсан нүүрс, хагас коксон түлшийг харьцуулан лабораторийн шинжилгээ хийлгэхэд Монгол Улсын хатуу түлшний стандартыг бүрэн хангасан дүгнэлт гарсан.
-Энэ түлш гэр хороололд ашиглаж байгаа бүх төрлийн зууханд тохиромжтой юу? Анхаарах онцгой нөхцөл байгаа юу? -Бүх төрлийн зууханд тохиромжтой. Харин иргэд угаар мэдрэгч төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах хэрэгтэй байна. Түүхий нүүрс хэрэглэдэг байхад утаа нь маш их үмхий үнэртэж, гэрт суунагладаг байсан. Нүдэнд харагдаж, хамарт үнэртэж байгаа учраас хаалга үүдээ нээж, агаар сэлгэлт хийдэг байсан. Харин бидний сүүлийн 5, 6 жил хэрэглэж байгаа шахмал түлшний угаар харагдахгүй, үнэртэхгүй. Үүнээс болж хүн угаартаж байгаагаа мэдэхгүй, гүн хордлогод орох эрсдэл гарсаар байна. Угаартах эрсдэлээс сэргийлэх хамгийн гол арга бол мэдрэгч төхөөрөмжөө
шалгаж, байнга асаалттай байлгах. Иргэд “дуугараад байна” гэх шалтгаанаар мэдрэгч төхөөрөмжөө унтраачихдаг. Төхөөрөмж дуугарна гэдэг нь та угаартах эрсдэлтэй байгааг анхааруулсан дохио. Зуух, яндангийнхаа битүүмжийг шалгахаас илүүтэйгээр угаар мэдрэгч төхөөрөмжөө байнга шалгаж, асаалттай байлгах хэрэгтэй. Энэ бол таны үнэрлэх, харах мэдрэмжийг орлож, эрүүл мэнд, амь насыг хамгаалах чухал төхөөрөмж гэдгийг хэлмээр байна.
-Шинэ түүхий эдээр хийсэн түлш агаарын чанарт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, мидлинг хэрэглээд агаарын бохирдол 40 хувиар буурсан суурин станцуудын дүн бий. Энэ жил эрчим хүчний баяжуулсан нүүрсээр хийсэн түлш болон хагас коксон түлш хэрэглээд агаарын бохирдлыг 2018 онтой харьцуулахад 50 хувиар, өөрөөр хэлбэл өмнөх үзүүлэлтээс 10 пунктээр бууруулах зорилготой байна.
Мөн манай компани түлш асаагч үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар судалгаа хийж байна. Түлшийг асаах эхний 30-50 минутад утаа маш ихээр гарч, агаарын бохирдолд нөлөөлдөг. Нойтон мод, зуух яндангийн таталт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалаад түлшийг асаасан даруйд их утаа ялгаруулдаг. Түлшийг богино хугацаанд асаадаг гал асаагчийг хэрэглээнд нэвтрүүлэхээр судалж, туршиж үзэхэд 17 минутад бүрэн асааж байна. Түлшийг уугиулахгүй, богино хугацаанд асаадаг асаагчийг хэрэглээнд нэвтрүүлвэл агаарын бохирдлыг өнгөрсөн жилээс 20-30 хувиар бууруулах боломжтой.
-Энэ халаалтын улиралд 427 мянган тонн түлш нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Өвөл удаан үргэлжилж, их хүйтэрвэл түлш нэмж нийлүүлэх боломжтой юу?
-Боломжтой. Энэ жил 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авна. Тендерийн хуулиар дахин 20 хувь хүртэлх тонныг авах боломж байгаа. Энэ нь заавал авна гэсэн үг биш. Дээр нь бид эрчим хүчний баяжуулсан нүүрсээр эх орондоо түлш үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нөөц, үйлдвэр, ажиллах хүч байна. Үйлдвэрлэлээ нэмэх боломжтой гэсэн үг.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.