Зөвлөмж | Баавгайтай таарвал яах вэ
Энэ онд баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тухай дуудлага мэдээлэл 597 удаа бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хэнтийд 209, Дархан 210, Сэлэнгэ 86, Хөвсгөл 65, үлдсэн нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Сүүлд Баянзүрх дүүргийн 35-р хороо, Улиастайн Бурхантын аманд байрлах айлын гэр рүү дайрч, гэртээ унтаж байсан хоёр иргэний нэгнийх нь амь насыг хөнөөж, нөгөөг гэмтээв.
Албаны эх сурвалжуудыг зүгээс "Идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан хот, суурин газарт баавгай орж ирэх тохиолдол гарч байгаа" гэх тайлбарыг өгсөн юм. Иймд баавгайтай таарвал яах вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг хүргэж байна.
Баавгайтай учрах эрсдэл одоо ой, уулаар явж буй хүнээс гадна хот, суурин газрын захад амьдардаг айл өрхөд ч тулгараад байна. Иймд урьдчилан сэргийлэх, баавгайтай тааралдах, дайралтад өртөх үед юу хийх талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж:
#1: Суурьшлын бүсэд амьдардаг бол
- Хоол хүнс, хог хаягдлыг ил бүү орхи. Баавгай хүнсний эрэлд суурин газар руу ордог. Мах, хүнсний үлдэгдэл, хог, малын тэжээлийг гадаа задгай хадгалахгүй, битүү саванд эсвэл байшин дотор байлгана.
- Ойр орчимд баавгай харагдвал хүүхдээ гадаа ганцаараа бүү гарга. Малаа шөнө хашаанд нь хааж, харанхуйд гадуур явахаас аль болох татгалзана.
- Баавгайд бүү ойрт. Зураг, бичлэг авах гэж дагаж явахгүй. Тухайн газраас холдоод албаны утсаар шууд мэдэгдэнэ.
#2: Ой, уулаар явахдаа
Байгаль хамгаалагчдын хэлж буйгаар хүн, баавгайн хоорондох зөрчлийн ихэнх нь баавгайг гэнэт цочоосноос үүсдэг.
- Чимээ гаргаж яв. Өтгөн шугуй, бут, гол горхины эрэг, салхитай газарт баавгай хүн ойртож буйг сонсохгүй байх нь бий. Ийм газраар ярилцаж, дуугаа өгч явбал баавгай урьдчилан мэдэж, холдох боломж олдоно.
- Ганцаараа бүү яв. Хэд хэдэн хүн хамт явах нь илүү аюулгүй.
- Хоол хүнсээ хамгаал. Хоол, хог хаягдлаа битүү савлаж, майхнаас хол, өндөрт өлгөнө. Хоол хийж, иддэг газраа унтах газраасаа тусад нь сонгоно.
- Явахаасаа өмнө лавла. Тухайн нутгийн байгаль хамгаалагч, ойн анги, сумын Засаг даргын Тамгын газраас баавгайн идэвхийн талаар асууж мэдээрэй.
#3: Баавгайтай тааралдвал
- Бүү гүй. Баавгай цагт 50 орчим километр хурдтай гүйдэг. Зугтсан амьтныг хөөх зөн совинтой тул гүйж зугтах нь аюулыг нэмэгдүүлнэ. Модонд авирч зугтах нь ч аврахгүй. Баавгай сайн авирдаг.
- Хүн гэдгээ мэдэгд. Намуухан, тайван дуугаар ярьж, гараа аажуухан даллана. Хашхирах, огцом хөдлөх нь баавгайг дайралтад өдөөж болзошгүй. Бага насны хүүхэд хамт байвал тэр дор нь тэвэрнэ.
- Аажмаар холд. Баавгайгаас нүүр буруулалгүй, хажуу тийш аажуухан ухарна. Баавгайд явах зам үлдээж, түүний замыг бүү хаа. Үүргэвчээ газарт хаяхгүй.
#4: Баавгай дайрвал
Баавгай ямар шалтгаанаар дайрч байгаагаас хамаарч хамгаалах арга өөр байна.
- Сүрдүүлж дайрах дүр үзүүлбэл. Баавгай ихэнхдээ хурдтай гүйж ирээд сүүлчийн мөчид эргэж буцдаг. Зогссон газраа хөдлөлгүй байж, намуухан ярьсаар байна.
- Цочсон, бамбаруушаа хамгаалсан баавгай дайрвал. Гэдсээрээ газар хэвтэж, хоёр гараа хүзүүнийхээ ард атгаж, хөлөө алцайлгана. Нуруун дээрх үүргэвч биеийг тань хамгаална. Баавгай холдтол хөдөлгөөнгүй хэвтэнэ. Дайралт зогсохгүй үргэлжилбэл тэмцэж, нүүр рүү нь цохино.
- Гэр, майхан руу орж ирж дайрвал, эсвэл удаан хугацаанд чимээгүй мөшгөсөн бол. Ийм дайралт ховор ч хамгийн аюултай. Энэ нь баавгай хүнийг идэш гэж харж байгааг илтгэдэг. Үхсэн мэт хэвтэж болохгүй. Чулуу, мод, хутга зэрэг гарт байгаа бүх зүйлээр нүүр, хамар руу нь цохиж бүх хүчээрээ тэмцэнэ. Боломж гарвал машин, барилга зэрэг хаалттай газар руу зугтана.
Баавгайд зориулсан тусгай шүршигч (bear spray) дайралтын үед өөрийгөө хамгаалах хэрэгсэл болдог. Үүнийг биедээ, хувцас, хэрэгсэлдээ түрхэж болохгүй. Авч явж байгаа бол хэрэглэх аргыг урьдчилан сурсан байх шаардлагатай.
#5: Баталгаагүй зураг, бичлэг бүү тараа
Нийслэлд энэ онд ирсэн дуудлагын 4 нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн зурагт үндэслэсэн худал мэдээлэл байжээ. Баавгай харсан бол цахим сүлжээнд зураг тараахаас өмнө албаны утсаар мэдэгдэнэ. Эх сурвалж нь тодорхойгүй зураг, бичлэгийг дахин түгээхгүй байх нь иргэдийг төөрөгдүүлэхээс сэргийлнэ.
#6: Хаана мэдэгдэх вэ
- Ажлын цагаар: Нийслэлийн Байгаль орчны газар — 7272-0303
- Ажлын бус цагаар: Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв — 11-310005 (24 цаг)
- Хүний амь насанд аюул тулгарвал: Цагдаа — 102, Түргэн тусламж — 103












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.