Автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн төлбөрийг ирэх оны татвараас хасаж тооцно

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн зам ашигласны төлбөрийг ирэх оных нь татвараас хасаж тооцох саналыг нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн ИТХ-д танилцуулав.
Нийслэлийн ИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолоор автозам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хотын парламент дотооддоо шийднэ. Харин автомашины албан татвараас хөнгөлөх асуудлыг "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулснаар шийдэх учир энэ асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх журамтай.
Иймд нийслэлийн зүгээс саналаа Засгийн газарт өгсөн гэдгийг хотын мээр Б.Пүрэвдагва онцлоод "Иргэдийнхээ автомашин унах эрхийг хязгаарлаж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй гэсэн зарчим барьж байна" гэлээ.
Г.САНСАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.